
БНХАУ-ын төрийн байгууллагуудын байрны туг бөхийн Бээжингийн төв хэсэгт хамгаалалтын автомашинууд байрлуулжээ. Хятад улс 97 насандаа таалал төгссөн Ерөнхий сайд асан Жу Рунжиг гашуудан үдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт өвчний улмаас нас барсан Ерөнхий сайд асан Жу Рунжиг чандарлах ёслол өнөөдөр Бээжин хотод боллоо. Ёслолыг даруухан, хаалттай байдлаар хийж байгаа учир олон нийтэд зориулсан бичлэг дүрс цацагдаагүй байна.
1998-2003 онд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар ажилласан Жу Рунжи нь тус улсын эдийн засгийн хамгийн чухал шинэчлэгчдийн нэг хэмээн дурсагддаг.
Хятадын төрийн хэвлэлүүд түүнийг Коммунист намын “онцгой гишүүн”, “цаг хугацаагаар шалгагдсан үнэнч коммунист тэмцэгч” хэмээн магтаж байгаа ч түүний ажиллаж байсан үеийг олон нийт гашуудан дурсах нь өнөөгийн Ши Жиньпиний засаглалын талаарх далд шүүмжлэл болж хувирч болзошгүй гэдгээс эрх баригчид болгоомжилж байна.
Жу Рунжи нас барсны дараа түүний тухай цахим орчин дахь нийтлэл, хэлэлцүүлгийг хязгаарлаж, заримыг нь устгаж эхэлжээ. Тухайлбал, эдийн засагч Жао Жянь Жу Рунжигийн үеийг дурссан нийтлэлдээ тухайн цаг үеийг хүмүүс “зохих хэмжээндээ ядуу байсан ч ирээдүй нь тодорхой харагддаг” байсан үе хэмээн дүрсэлжээ.
Тэрээр “Тэр үед ухаалаг гар утас, богино хэмжээний бичлэг байгаагүй. Хүмүүсийн түгшүүрийг өдөөсөн мэдээллээр дүүрсэн дэлгэц ч байгаагүй. Тэнгэр цэнхэр, амьдрал удаан хэмнэлтэй, хүмүүс үнэхээр юу бодож байгаагаа хэлж чаддаг байсан” хэмээн бичсэн ч уг нийтлэлийг нийтлэгдсэнээс нь нэг өдрийн дараа WeChat-аас устгажээ.
Хятадын Коммунист нам өндөр албан тушаалтнууд болон нэр хүндтэй хүмүүс нас барах үед олон нийтийн хариу үйлдэл улс төрийн эсэргүүцэл болж хувирч болзошгүй гэдгээс олон жилийн турш болгоомжилж ирсэн.
1976 онд Ерөнхий сайд Жоу Эньлай нас барахад олон нийтийн гашуудал өргөн хүрээний эсэргүүцэл болж хувирсан бол 1989 онд Хятадын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Яобан нас барсан нь мөн олон нийтийн томоохон жагсаалын эхлэл болсон юм.
Жу Рунжи таалал төгссөн нь 2022 онд нас барсан Ерөнхийлөгч асан Жян Зэминий мэндэлсний 100 жилийн ойг Коммунист намын удирдлага тэмдэглэхээс хэдхэн хоногийн өмнө тохиожээ.
Ижил цаг үед Хятадын төрийн дээд удирдлагад ажиллаж байсан эдгээр нэр хүндтэй удирдагчийн үхэл олон хятад хүний дунд 1990-ээд он, 2000-аад оны эхэн үеийн тухай дурсамжийг нь сэдрээжээ. Тухайн үед Хятад улс дэлхийд илүү нээлттэй болж, иргэддээ илүү их эрх чөлөө олгох чиглэлд явж байгаа мэт санагдаж байжээ.
Мао Зэдунгийн үед улс төрийн хавчлагад өртөж байсан Жу Рунжи Маог 1976 онд нас барсны дараа улс төрийн тавцанд дахин гарч ирсэн юм. Тэрээр 1989 онд Коммунист намын тэргүүн, 1993 онд БНХАУ-ын Ерөнхийлөгч болсон Жян Зэминтэй хамт ажиллаж байв.
1998-2003 онд хоёр удирдагч Хятадын төрийн дээд түвшинд зэрэг ажиллаж, эдийн засгийн эрчимтэй өсөлт болон дэлхийн худалдааны системд нэгдэх үеийг удирдан чиглүүлжээ.
Энэ хугацаанд Хятад улс хүнд боловч томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлсэн байна. Үүнд:
Гэхдээ тухайн үеийн удирдагчдын өнөөгийн хятад иргэдийн сонирхлыг татаж буй гол зүйл нь зөвхөн эдийн засгийн шинэчлэл биш, харин тэдний илэн далангүй, энгийн, хүнтэй ойр харилцдаг хэв маяг юм.
Жян Зэминий амьдралын тухай Хятадын төрийн телевизийн баримтат кинонд тэрээр зарим үед ширээ цохин уурлаж, дараагийн мөчид чанга инээж байгаа нь гардаг.
Харин Жу Рунжи сахилгагүй банкируудыг нэг удаа “хагас ухаантнууд” хэмээн нэрлэж, Хөх мөрний дагуух үерийн даланг “дүфүгийн шаар шиг сийрэг, хэврэг” хэмээн шүүмжилж байжээ. Тэрээр мөн хуурай хошин шогийн мэдрэмжээрээ алдартай байв.

1999 оны хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улс АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны Ардчилсан намд санхүүгийн хандив өгсөн гэх мэдээллийн талаар түүнээс асуухад Жу Рунжи “Хэрэв улс төрийн хандив үнэхээр тийм үр дүнтэй юм бол Хятадад 146 тэрбум ам.долларын валютын нөөц байна. Би энэ зорилгоор дор хаяж 10 тэрбум ам.доллар гаргаж чадна. Яагаад ердөө 300 мянган ам.доллар авах гэж? Тэгэх нь хэтэрхий тэнэг хэрэг болно” хэмээн хариулж, танхимд байсан хүмүүсийг инээлгэж байжээ.
Түүнийг нас барсан өдөр Жян Зэминий тухай баримтат кинонд Жу Рунжи хүнд шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлэхээр нөхдөө ятгасан тухай өгүүлсэн хэсэг гарсан байна.
Тэрээр “Би энд давуу болон сул талын талаар ярихаар ирээгүй. Би ажлыг хэрхэн хийж бүтээх талаар ярихаар ирсэн” хэмээн хэлж буй нь гарах аж.
Цахим орчинд Жян Зэмин, Жу Рунжи хоёр хамтдаа инээж буй гэрэл зураг тархаж, тэдний илэн далангүй харилцааг магтан сайшаасан нийтлэлүүд гарчээ.
Нэгэн нийтлэлд “Тэд үнэнийг хэлдэг, хариуцлагаа үүрдэг, ард түмэнд үйлчлэхийн төлөө бүх хүчээ зориулдаг байсан” гэсэн байлаа.
Энэ төрлийн удирдлагын хэв маяг нь Хятадын олон иргэний анхаарлыг татаж байгаа төдийгүй өнөөгийн илүү нарийн зохион байгуулалттай, хяналттай, бэлтгэсэн удирдлагын хэв маягаас эрс ялгаатай харагддаг.
Өнгөрсөн үеийг ийнхүү гашуудан дурсаж буй явдал нь үнэндээ хятад гэр бүлүүд хичээнгүйлэн хөдөлмөрлөж чадвал амьдрал нь заавал сайжирна гэсэн итгэлтэй байсан цаг үеийг үгүйлж буй хэрэг юм. Олон хүний хувьд энэ итгэл, баталгаатай ирээдүйн мэдрэмж өнөөдөр алга болжээ.
Эдийн засагч Жао Жяний бичсэнээр “Амьдрал хэцүү байсан. Гэхдээ энэ бол итгэл найдвараар тэтгэгдсэн хэцүү амьдрал байсан” аж.
Тэрээр өнөөдрийн Хятадад хүмүүс “материаллаг элбэг дэлбэг байдалтай, өндөр барилгаар дүүрсэн хотуудтай, автомашинаар дүүрэн гудамжтай” болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч эцэст нь “Тэгвэл яагаад бид дотроо ингэтлээ хоосон мэдрэмж мэдэрч байгаа юм бол?” хэмээн асуусан байна.