
Германы хойд хэсгийн Гамбург хотын ойролцоох Штаде хот дахь эх, хүүхдийн төвд халдлага гарчээ. Нялх охиныхоо асран хамгаалах эрхийн маргаантай холбоотой байсан сэжигтэн этгээд халдаж гал нээсний улмаас зургаан хүн амиа алдсан гэж Германы цагдаагийн албанаас мэдээллээ.
Тус төвийн ажилтан дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй ажилтан амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.
Албаныхны мэдээлснээр, сэжигтний гурван сартай охин болон түүний ээж хэрэг гарах үед оффист байсан боловч гэмтэж бэртээгүй байна.
Цагдаа нар сэжигтэн этгээдийг оролцуулаад нийт гурван хүнийг саатуулсан учир олон нийтэд дахин аюул учрах эрсдэл байхгүй гэж мэдэгдэв.
Доод Саксоны мужийн Дотоод хэргийн сайд Даниэла Беренс даваа гарагийн орой сэтгүүлчдэд мэдээлэхдээ, уг халдлага нь "гэр бүлийн шалтгаантай" үйлдэгдсэн гэжээ. Тэрээр энэхүү хэргийг "улс төрийн болон эдийн засгийн ямар ч сэдэлгүй, туйлын хүйтэн цэвдэг байдлаар үйлдсэн хүчирхийллийн хэрэг" хэмээн тодорхойлсон байна.
Орон нутгийн цагаар 12:10 цагийн орчимд анхны буун дууны тухай мэдээлэл ирсний дараа цагдаа нар Данкерштрассе гудамжинд байрлах "хүүхэд, залуучуудын халамжийн байгууллага"-д олон хүний амь насыг хохироосон хэрэг гарсныг баталж, иргэдийг тухайн бүсээс хол байхыг анхааруулжээ.
Цагдаагийн мэдээлснээр, дөрвөн эмэгтэй болон нэг эрэгтэй байгууллагын дотор буудуулж амиа алдсан бол зургаа дахь хохирогч эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан байна. Бүх хохирогч насанд хүрэгчид байжээ.
Люнебургийн цагдаагийн газрын дарга Катрин Шуолын мэдээлснээр, гол сэжигтэн нь Германд төрсөн, Ганновер хотод оршин суудаг, 45 настай Турк гаралтай Германы иргэн ажээ. Тэрээр даваа гарагт охиныхоо асран хамгаалах эрхийн асуудлаар хэлэлцэхээр, амиа алдсан олон ажилтантай уулзахаар цаг авсан байсан гэж Шуол мэдэгдсэн байна.
Мөн сэжигтэн өмнө нь "заналхийлэлтэй холбоотой" хэргээр цагдаагийн бүртгэлд байсан ч "онцгой хүчирхийлэл үйлдэх магадлалтай хүн" гэж үнэлэгдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших зөвшөөрөлгүй байсан гэжээ.
Хэрэг гарсны дараа сэжигтэн эмэгтэй хүний жолоодож явсан автомашинаар хэргийн газраас зугтсан байна.