
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху АНУ тэргүүтэй Энх тайвны зөвлөлийн боловсруулсан Газын зурвасын асуудлаарх 15 заалттай энх тайвны төлөвлөгөөг ил тод няцаасантай холбоотойгоор товч тайлбар хийжээ.
Нетаньяху уг төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзсан хэдий ч Трамп өөрийн болон Нетаньяхугийн харилцаа “маш сайн” хэвээр байгаа гэж мэдэгдэв.
Вашингтоны Цагаан ордонд болсон арга хэмжээний төгсгөлд сэтгүүлчийн асуусан асуултад Трамп “Харилцаа маш сайн байгаа” гэж хариулжээ.
Нетаньяху долоо хоногоос илүү хугацаанд байр сууриа аажмаар чангаруулсаар эцэст нь Газын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа ил тод мэдэгдсэн. Төлөвлөгөөнд ХАМАС зэвсгээ хураах үйл явцтай зэрэгцүүлэн Израил цэргээ татаж эхлэх тухай тусгасан.
Санал асуулгуудаас харахад Газын энх тайвны төлөвлөгөө нь Нетаньяхугийн баруун жигүүрийн дэмжигчдийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа гэдэг. Түүний засгийн газрын хэт барууны үзэлтэй гишүүд төлөвлөгөөгөө зогсоохыг түүнд уриалсан гэх мэдээлэл ч цацагдсан.
Трамп өнгөрсөн сарын сүүлээр АНУ тэргүүлсэн гал зогсоох төлөвлөгөөний хүрээнд томоохон ахиц гарсан гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр ХАМАС болон Газын зурвас дахь бусад зэвсэгт бүлэглэлүүд үе шаттай төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, шинэ Палестины засаг захиргаанд зэвсгээ хүлээлгэн өгөх, үүнтэй зэрэгцэн Израил цэргээ татаж эхэлснээр 2023 оны аравдугаар сард эхэлсэн Израил-Палестины мөргөлдөөнийг зогсоох нөхцөл бүрдэх байв.
Энх тайвны зөвлөл төлөвлөгөөгөө долдугаар сарын 31-нд анх нийтлэхэд Нетаньяху хэд хоногийн турш чимээгүй байсан. Дараа нь Трампын засаг захиргаа Израилд “төлөвлөгөөний төслийг илгээсэн” ч өөрөө үүнтэй санал нийлэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч ням гарагт тэрээр уг төлөвлөгөөг албан ёсоор дэмжихээс татгалзаж буйгаа анх удаа тодорхой мэдэгдсэн.
Нетаньяху ням гарагт “ХАМАС үнэхээр зэвсгээ хураах хүртэл Израилийн арми ямар ч цэргээ татахгүй... мөн манай цэрэг, иргэдэд учрах аюул заналыг таслан зогсоосоор байх болно” гэж мэдэгдсэн.
Тэрээр мөн Израил энэ асуудлаар “америкчуудтай ярилцаж байгаа” гэж хэлээд, өөрийгөө Ерөнхий сайд байх хугацаанд “Палестины улс байгуулагдахгүй” гэж дахин мэдэгджээ.
Нетаньяхугийн эдгээр мэдэгдэл нь Газын зурваст баримталж буй хатуу хүчний бодлогын асуудлаар АНУ болон Израилийн хоорондын улс төрийн зөрүү улам гүнзгийрч байгааг харууллаа.
Вашингтон хотоос мэдээлсэн Al Jazeera-ийн сурвалжлагч Пэтти Калханы хэлснээр Нетаньяху Трамптай “маш аюултай тоглоом тоглож” байна. Мөн АНУ-д Израилийн нэр хүнд улам буурч, Ардчилсан нам “Палестины асуудлыг улам ихээр дэмжих чиглэл рүү шилжиж байна” гэж мэдээлжээ.
Харин даваа гарагт Энх тайвны зөвлөлийн албан тушаалтан Газын төлөвлөгөө хэрэгжих боломжтой хэвээр байгаа гэж мэдэгдэв.
Тус албан тушаалтан Reuters агентлагт “Үйл явц нь газар дээрх хэрэгжилт болон баталгаажуулалтад тулгуурлана” гэж хэлжээ.
Тэрээр Израилтай хийж буй хэлэлцээ үргэлжилж байгаа төдийгүй төлөвлөгөөний хүрээнд шаардлагатай үүрэг амлалтууд биелсэн тохиолдолд л дараагийн үе шат руу шилжихээр зохион байгуулсан гэж тайлбарлав.
Мөн “Замын зураглал нь Энх тайвны зөвлөл болон ХАМАС-ын хооронд байгаа бөгөөд Израильтай хийх хэлэлцээ үргэлжилж байна” гэжээ.
Түүний хэлснээр Израилийг зөвхөн итгэлцэлд найдахыг шаардаагүй. Газар дээрх тохиролцсон алхмууд баталгаажаагүй байхад буцаах боломжгүй алхам хийх шаардлага Израилд тавигдаагүй гэдгийг ч тайлбарласан юм.