
Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, П.Ундрах-Эрдэнэ нар АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэдний зүгээс "Өнгөрсөн хугацаанд Г.Занданшатарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хандсан мэдээлэл ар, араасаа хөвөрч байна. Тиймээс хууль хяналтын байгууллага, АТГ, шүүхийн байгууллагад шалгуулахаар хандаж байна. 2026 оны есдүгээр сарын 15-ны өдөр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдээлэл хийхдээ Г.Занданшатар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ордуудын газрыг хувьдаа ашигласан болон хар тамхины сүлжээг бий болгосон агуулгаар мэдээлэл хийсэн. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан үүнтэй ижил агуулгаар мэдээлэл хийсэн. Албан тушаалын хүрээнд олж авсан мэдээллээ ашиглан Г.Занданшатар гэдэг хүний нэр төр, алдар хүндэд халдах гэсэн оролдлогуудыг шат дараатай хийж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагад хандаж, үнэн мөнийг тогтоолгохоор хүсэлтээ хүргүүлж байна. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Шадар сайд асан С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Э.Болормаа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар олон нийтийн хэрэгслээр мэдээлэл өгөхдөө Г.Занданшатарыг байнга буруутгадаг. Тиймээс үүнийг шалгуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас өргөдөл болон 200 гаруй хуудас материалыг АТГ-т хүргүүлж байна. Үүний дараа нэр төр алдар хүндэд халдсан эсэхийг тогтоолгохоор иргэний журмаар шүүхэд хандана” гэлээ.