УИХ-ын petition.parliament.mn цахим хуудсанд аливаа асуудлаар санал асуулга явуулахад 33 мянган иргэн дэмжсэн тохиолдолд парламентаас ажлын хэсэг байгуулдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын авто тээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдөл 33 мянган иргэний санал авсан. Улмаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.
Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гаргах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Заяабал,Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Ж.Баясгалан, Т.Аубакир нар ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг маргааш УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөжээ.
Улаанбаатарт авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024.12.04-ний тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн юм.