Узбекистаны нийслэл Ташкент хотод Г.Арзумановын нэрэмжит хөнгөн атлетикийн “С” зэрэглэлийн олон улсын тэмцээн энэ сарын 19-23-ны өдрүүдэд болж, 14 орны 300 гаруй тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Жанцандоржийн удирдлага дор Э.Оюундарь, О.Мөнхтүмэн нар уртын харайлт, гурвын харайлт болон гүйлтийн 200, 400 метрийн зайд оролцов.
Тэмцээний гурвын харайлтын төрөлд Э.Оюундарь 12.28 метр харайж мөнгөн медаль хүртсэн бол гүйлтийн 200, 400 метрийн зайд О.Мөнхтүмэн улсынхаа дээд амжилтыг шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа.
Тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Оюундарь нь уртын харайлт болон гурвын харайлтын Монгол Улсын зургаан удаагийн аварга бөгөөд гурвын харайлтын улсын дээд амжилтыг эзэмшигч юм.