
БНСУ-ын Засгийн газар гадаад ажилчдын бодлогоо шинэчлэхийг зорьж буй ч идэвхтнүүд бүх хязгаарлалтыг цуцлахыг шаардаж байна. Өмнөд Солонгос гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийх боломжийг хэлэлцэж байгаа бөгөөд үүнд E-9 визтэй ажилчдад 1-ээс 2 жил ажилласны дараа ажлын байраа солих эрх олгох санал багтаж байна. Хэрэв хэрэгжвэл энэ нь ажилчдыг нэг ажил олгогчтой “уях” байдлаар зохицуулж ирсэн Хөдөлмөрийн зөвшөөрлийн тогтолцоо (EPS)-ноос ухарсан томоохон өөрчлөлт болно.
Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас өнгөрсөн сард байгуулсан, гадаад ажилчдын бодлогыг шинэчлэх ажлын хэсэгт ажиллаж буй идэвхтнүүдийн мэдээлснээр, засгийн газрын төлөөлөгчид одоогоор хоёр хувилбарыг хэлэлцэж байгаа аж. Үүний нэг нь одоогийн ажил олгогч дээрээ 1 эсвэл 2 жил ажилласны дараа Хөдөлмөрийн зөвшөөрлийн тогтолцооноос ажилчдад ажил олгогчоо солих боломж олгох санал юм.
Одоогийн зохицуулалтаар хөдөлмөрийн зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажилчид (ихэвчлэн хөдөө аж ахуй, загас агнуур, барилга, зарим үйлчилгээний салбарт ажилладаг) зөвхөн хязгаарлагдмал нөхцөлд буюу жишээлбэл, аж ахуйн нэгж хаагдах, эсвэл ажил олгогч хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд л ажлын байраа солих боломжтой байдаг. Тэд ихэвчлэн дотоодын ажиллах хүч татахад хүндрэлтэй, жижиг дунд үйлдвэрүүдэд, хүнд нөхцөлд, харьцангуй бага цалинтай ажилладаг. Одоогоор Солонгост 300 000 гаруй E-9 визтэй ажилчин байна.
Эдгээр хязгаарлалтыг цуцлах нь E-9 визтэй ажилчид болон тэдний эрхийг хамгаалагчдын олон жилийн турш тавьж ирсэн гол шаардлага юм. Учир нь одоогийн журам нь нэг ажил олгогчоос хэт хамааралтай байдал үүсгэж, ажилчдын хөдөлмөрийн нөхцөл дээрээ хэлэлцэх, шаардлага тавих чадварыг сулруулдаг гэж тэд үздэг.
Одоогоор хэлэлцэж буй бодлого нь хугацаанд суурилсан ажлын байр солих эрх нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд ингэснээр ажилчид тодорхой хугацаанд ажилласны дараа, ажил олгогчийн бурууг нотлосны дараа эсвэл онцгой нөхцөл шаардалгүйгээр шинэ ажил хайх боломжтой болно.
Засгийн газрын санал өмнөхөөсөө илүү дэвшилттэй байгаа ч гадаад ажилчдын эрхийг хамгаалагчид бууж өгөхгүй, бүх хязгаарлалтыг ямар ч нөхцөлгүйгээр цуцлах ёстой гэж үзэж байна.
“Нэгдүгээр хувилбар ажлын байраа солих эрхийг нэг жил хязгаарлаж байна, хоёрдугаар хувилбар хоёр жил хязгаарлаж байна. Бид алийг нь сонгох ёстой гэж? Аль алиныг нь бид хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн Солонгосын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч Квон Су-жон Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Бид гурав дахь хувилбарыг санал болгож байна: Бүх цагаач ажилчид Солонгост ажиллаж эхэлсэн эхний өдрөөсөө л ажлын байраа солих эрхтэй байх ёстой” гэдгийг тэрээр онцолжээ.
Ажлын хэсэг нь 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд бүх гадаад ажилчдыг хамарсан нэгдсэн бодлого, дэмжлэгийн тогтолцоо боловсруулах зорилгоор байгуулагдсан. Одоогоор дөрвөн удаагийн уулзалт болсон бөгөөд цаашид зургаан уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалтад оролцож буй идэвхтнүүдийн хэлснээр, ажлын хэсэг гуравдугаар сарын эцэс гэхэд шинэ нөхцлийг тодорхойлох зорилготой байна.
Идэвхтнүүдийн үзэж буйгаар, засгийн газар бүх хязгаарлалтыг цуцлахаас татгалзаж буй гол шалтгаан нь орон нутгийн (Сөүлээс гадуурх) бүсүүдэд ажиллах хүч улам хомсдох эрсдэлтэй холбоотой. Учир нь E-9 ажилчид ч бусад гадаад ажилчид, дотоодын иргэдийн адил Сөүл орчимд ажиллахыг илүүд үздэг.
“Хэрэв эрх баригчдын санааг энэ асуудал л зовоогоод байгаа юм бол ажлын байраа солихыг зөвшөөрөөд, харин тогтоосон бүс нутгаас гарахыг хориглож болно” хэмээн идэвхтэн хуульч Чой Жон-гю хэлжээ.
Тэрээр мөн Хөдөлмөрийн зөвшөөрлийн тогтолцоог бүхэлд нь шинэчлэх шаардлагатайг онцолж, энэ тогтолцоо нь ажилчдын нөхцөлийг сайжруулж чадаагүйгээс гадна, ажил олгогчдыг хайнга байдалд оруулдаг гэж шүүмжилсэн байна.
“Цагаач ажилчид хүссэн үедээ ажлаасаа гарч чадна гэдэг баримт өөрөө жижиг, дунд үйлдвэрүүдийг сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах хүчтэй хөшүүрэг болдог. Урт хугацаанд энэ нь Солонгосын жижиг аж ахуйн нэгжүүдэд түгээмэл байдаг хөдөлмөрийн тааруу нөхцөлийг сайжруулахад тусална. Тиймээс мөлжигч ажил олгогчоос зугтаж, ажиллах хүч хэрэгтэй өөр газар шилжих боломж олгох нь зөвхөн компаниудад төдийгүй улс орны нийт ашиг сонирхолд нийцнэ гэж би бодож байна” гэж идэвхтэн хуульч Чой Жон-гю хэлжээ.