
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хоёр долоо хоногийн гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа нефтийн үнэ огцом унаж, дэлхийн зах зээлд сэргэх хүлээлт бий болов.
Энэхүү тохиролцооны дараа Ормузын хоолойгоор нефть тээвэрлэх боломж нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэн байна. Гэвч шинжээчид уг хоолой дахь бодит түгжрэлийн байдал, мөн энэ гал зогсоох хэлэлцээр урт хугацааны энх тайванд хүрэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг анхааруулжээ.
АНУ-ын түүхий нефтийн фьючерс арилжааны дараах үед 15%-иар унаж, нэг баррель нь 95 ам.доллар болсон байна. Энэ нь томоохон уналт боловч дайны өмнөх өдөр буюу 2-р сарын 27-ны 67.02 ам.доллараас харьцангуй өндөр хэвээр байна. Дэлхийн жишиг болох Brent мөн 13.75%-иар буурч 94.68 ам.доллар болсон байна.
Нөгөө талд АНУ-ын болон Азийн хөрөнгийн зах зээл огцом өсөв. Dow Jones Industrial Average фьючерс 1000 гаруй оноо буюу 2.2%-иар өссөн бол S&P 500 2.4%, Nasdaq 3%-иар нэмэгджээ. Мөн Японы Nikkei 225 индекс 4.9%, Өмнөд Солонгосын KOSPI 5.7%, Хонг Конгийн Hang Seng Index 2.8%-иар тус тус өссөн байна.
АНУ-ын эрчим хүчний бодлого, нефтийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн эдийн засагч, шинжээч Боб МакНэлли хэлэхдээ зах зээл сайн мэдээ хүлээж байгаа ч Ормузын хоолой бүрэн нээгдэх эсэх нь тодорхойгүй байна гэжээ. “Гол асуудал бол Ормузын хоолой. Вашингтон, Техран хоёр өөр өөр зүйл ярьж байгаа мэт л харагдаж байна” гэж тэр хэлжээ.
Доналд Трамп олон нийтийн сүлжээнд хоёр тал тохиролцоонд хүрсэн гэдэг шийдвэрийг тэмдэглэсэн бол Ираны тал гал зогсоох нь түр зуурынх гэдгийг онцолсон байна. Тус улсын төрийн мэдээллийн суваг IRIB-аар дамжуулсан мэдэгдэлд “энэ бол дайны төгсгөл биш, харин бүх цэргийн ангиуд Дээд удирдагчийн тушаалыг дагаж гал зогсоох ёстой” гэжээ.
Хөрөнгийн зах зээл өсөж, нефтийн үнэ унасан нь зах зээлд маш тод дохио өгсөн ч хөрөнгө оруулагчид Ормузын хоолойг нээхийг хүсэж байгаа юм.
Ойрхи Дорнодын дайн болон Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн нефтийн нийлүүлэлтэд томоохон цохилт өгч, өдөрт ойролцоогоор 12–15 сая баррель түүхий нефтийн урсгалд нөлөөлжээ. Гэсэн ч энэ хоолой дахин хэвийн ажиллах эсэх нь тодорхойгүй байна.
Иран ялалт байгуулсан гэж мэдэгдэж, Ормузын хоолойгоор нэвтрэхийг зохицуулах эрхээ хадгална гэж мэдэгдсэн байна. Энэ нь тус улсад “эдийн засаг, геополитикийн онцгой байр суурь” олгох магадлалтай гэж Ираны дээд түвшний аюулгүй байдлын зөвлөлийн мэдэгдэлд дурджээ.
АНУ-ын шатахуун, нефтийн зах зээлийн шинжээч Патрик Дэ Хаан “Гал зогсоох түр тохиролцоо нь Ормузын хоолойн нөхцөл байдлыг тодорхой болгосонгүй” гэжээ.
Урт хугацаанд нөлөө нь бүрэн тодорхой болох хүртэл цаг хугацаа шаардагдана. Учир нь Иран улс богино хугацаанд улс төрийн хяналтаа бэхжүүлж, дэлхийн нефть, хийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх чадвараа харуулсан билээ.