
“Дулааны тавдугаар цахилгаан станц”-ыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. ДЦС-2 1961 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 65 жил хуримтлагдсан үнсийг өнөөдрөөс зөөж эхэллээ.
ДЦС-5-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах инженер Л.Баасангийн хэлснээр нэг сая куб.метр үнсийг хоёр сарын хугацаанд зөөн Морингийн даваанд зөвшөөрөгдсөн газарт буулгана. Үнс зөөх ажил дууссаны дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Тус төсөл нь хүчин чадлын хувьд, цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй бөгөөд станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил. Үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Станцыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.