
БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин Тайванийн асуудлаар АНУ-тай “мөргөлдөөн, бүр зөрчилдөөн” гарч болзошгүйг анхааруулснаар Дональд Трамптай хийж буй дээд хэмжээний уулзалтыг сүүдэрлүүлэв.
Трамп болон Ши нар Тайванийн талаар юу ярилцсан тухай асуултад хариулахаас татгалзжээ.
Ши Жиньпин Тайванийн асуудлыг буруу зохицуулбал мөргөлдөөн, бүр зөрчилдөөн үүсэж болзошгүй хэмээн хатуу анхааруулга өгөөд “маш аюултай нөхцөл байдал” гэж тодорхойлсон байна.
Энэхүү анхааруулга нь Трампын айлчлалын эхний өдөр болсон хаалттай хэлэлцээний үеэр гарсан бөгөөд энэ нь АНУ-ын удирдагчийн Хятадад хийж буй сүүлийн есөн жилийн анхны айлчлал болж буй. Дээд хэмжээний уулзалтын зорилго нь дэлхийн хамгийн том хоёр гүрний хооронд өсөн нэмэгдэж буй геополитикийн хурцадмал байдлын үед харилцаагаа тогтворжуулах явдал байв.
Ши Жиньпин Трампыг өргөн хэмжээний дипломат ёслолын ажиллагаатайгаар угтан авсан ч Тайванийн талаарх түүний анхааруулга нь өөрийгөө удирддаг арал болох Тайванийг Бээжин салан тусгаарласан муж гэж үздэг хэвээр байгааг, мөн энэ асуудал хоёр улсын харилцаанд хамгийн том маргаантай сэдэв хэвээр байгааг дахин харуулжээ.
Төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр Ши Тайванийн асуудлыг АНУ-Хятадын харилцаан дахь хамгийн чухал асуудал хэмээн тодорхойлж, хэрэв үүнийг “зөв зохицуулбал” хоёр улсын харилцаа “ерөнхий тогтвортой байдлаа хадгалж чадна” гэж Трампт хэлсэн байна. Харин буруу зохицуулбал хоёр улсын харилцаа “ноцтой аюулд орно” гэж тэр анхааруулжээ.
Шинжээчид Тайванийн асуудал нь энэ удаагийн уулзалтын хамгийн эмзэг сэдэв болж магадгүй гэж өмнө нь таамаглаж байсан. Олон хүн үүнийг АНУ, Хятадын харилцааг ойртуулах оролдлогод тулгарч буй хамгийн том саад гэж үзэж байв.
Хятад улс хэлэлцээнд оролцохдоо Тайванийн асуудлаар Трампаас буулт авахыг зорьж, ялангуяа АНУ-ын зэвсгийн худалдаа, дипломат хэллэг болон Тайпэйтэй хийх албан ёсны харилцааны хүрээнд өөрчлөлт хүсэв.
Хэрэв Вашингтон Бээжингийн зөвшилцлийн дараа Тайванийн асуудлаар буулт хийвэл энэ нь 1980-аад онд Ерөнхийлөгч Роналд Рейганы үеэс хэрэгжиж ирсэн АНУ-ын бодлогоос өөрчлөгдөх алхам болох юм.
Уулзалтын дараа Тайваний засгийн газрын төлөөлөгч Мишел Ли “Хятадын цэргийн заналхийлэл нь “Тайванийн хоолой болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтворгүй байдлын цорын ганц эх үүсвэр” гэж мэдэгдсэн.
“Үндэсний батлан хамгаалах чадавх болон хамтын үр дүнтэй тогтоон барих хүчийг тасралтгүй бэхжүүлэх нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хамгийн чухал хүчин зүйл” гэж тэр нэмж хэлсэн байна.
Хятадын тал хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтыг сүр жавхлантай ёслолоор эхлүүлжээ. Ши Жиньпин Трампыг Ардын Их хурлын танхимд улаан хивсэн дээр угтан авч, хоёр удирдагч гар барин, инээмсэглэн мэндчилсэн.
Тэд хүндэт харуулын болон баярлан хашхирч буй хүүхдүүдийн эгнээгээр зэрэгцэн алхах үед АНУ-ын төрийн дуулал “The Star-Spangled Banner” эгшиглэж, Тиананмений талбай даяар 21 удаагийн ёслолын буудлага цуурайтжээ.

Трамп ёслолын үеэр заримдаа Ши-гийн нурууг алгадаж байв.
Их танхим дотор хоёр удирдагч телевизээр шууд дамжуулсан нээлтийн үг хэлж, АНУ-Хятадын харилцааг өндрөөр үнэлжээ.
Ши Жиньпин хоёр улсыг “өрсөлдөгч бус түншүүд” байхыг уриалж, улам бүр “төвөгтэй, тогтворгүй” болж буй дэлхийтэй хамтран нүүр тулах ёстой гэж хэлсэн байна.
“Манай хоёр улсад зөрчилдөөнөөсөө илүү нийтлэг ашиг сонирхол бий. Нэг талын амжилт нөгөөдөө боломж болдог бөгөөд тогтвортой хоёр талын харилцаа дэлхийд ашигтай. Хятад болон АНУ хамтын ажиллагаанаас ашиг хүртдэг болохоос сөргөлдөөнөөс биш” гэж Ши хэлжээ.
Трамп ч мөн өөрийн үгэндээ Ши-тэй тогтоосон хувийн харилцаагаа онцолсон байна.
“Тантай хамт байгаадаа нэр төрийн хэрэг. Таны найз байгаа нь нэр төрийн хэрэг. Хятад болон АНУ-ын харилцаа өмнөхөөсөө ч илүү сайн болно” гэж тэр хэлжээ.
“Та бид хоёр маш удаан хугацаанд бие биенээ мэддэг болсон. Үнэндээ манай хоёр улсын түүхэнд аль ч ерөнхийлөгч ийм урт харилцаатай байгаагүй, энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Бид гайхалтай харилцаатай байсан. Хүндрэл гарсан үед бид шийдвэрлэж чаддаг байсан” гэж Трамп нэмж хэлсэн байна.
Гэвч эдгээр дулаан уур амьсгалтай дүр зургууд нь Ши Жиньпиний Тайванийн талаарх хатуу мэдэгдэлтэй эрс зөрчилдөж байв.
Хоёр талын хоёр цаг үргэлжилсэн уулзалтын дараа ч Тайванийн асуудал анхаарлын төвд хэвээр үлджээ. Хоёр удирдагч дараа нь XV зуунд байгуулагдсан, тэнгэр ба дэлхийн холбоог бэлгэддэг Диваажингийн сүм рүү хамт очсон.
Трампыг дагалдан явсан хэвлэлийнхэн Тайванийн талаар ярилцсан эсэхийг удаа дараа асуусан ч АНУ-ын ерөнхийлөгч асуултаас бултаж байгаа мэт харагджээ. Хэлэлцээ хэрхэн өрнөж байгаа талаар асуухад Трамп “гайхалтай” гэж хариулсан байна.
Тайванийн талаар тодруулахад тэр “Гайхалтай газар, үнэхээр үзэсгэлэнтэй, Хятад сайхан улс” гэж өмнөх яриагаа үргэлжлүүлэн хэлжээ.
Дахин Тайванийн талаар асуухад Трамп болон Ши хоёулаа урагшаа харан алхсаар, гурав дахь удаагаа асуултыг үл тоомсорлосон байна.
Трампын хэвлэлийн багийг мөн Хятадын хамгаалалтын албаныхан зэвсэгтэй АНУ-ийн нууц албаны ажилтныг Тэнгэрийн сүмийн цогцолборт оруулахыг эсэргүүцсэний улмаас бараг 30 минут саатуулжээ. Дараа нь АНУ болон Хятадын албаныхны хэлэлцээний дараа асуудлыг шийдвэрлэсэн байна.
CCTV-ийн мэдээлснээр Ши болон Трамп нар Ойрхи Дорнодын хямрал, Украин дахь дайн, Солонгосын хойгийн хурцадмал байдал зэрэг дэлхийн томоохон асуудлуудаар санал солилцжээ.
Харин худалдааны асуудлаар Ши хоёр талын эдийн засаг, худалдааны багууд “ерөнхийдөө тэнцвэртэй, эерэг үр дүн” гаргасан нь “хоёр улсын ард түмэн болон дэлхийд сайн мэдээ” болсон гэж хэлсэн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр Трампт “худалдааны дайн ялагчгүй байдаг” гэж хэлжээ.