
Монгол сурагч оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан ‘‘Алс газар сурахаар одогсод: 100’’ тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 15-ны 11:40 цагт нээлтээ хийнэ.
Тэртээ 1926 онд Герман улсад 30 эрэгтэй, 5 эмэгтэй хүүхдийг суралцуулсан байдаг. Мөн тус онд Франц улсад 5 хүүхдийг суралцуулж, тэдгээр нь хожим өөрсдийн эзэмшсэн мэргэжил, эрдэм номыг ашиг тусыг эх орныхоо үйлсэд зориулсан юм. Үүний удаах жил мөн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор оюутнууд илгээсний дотор их зохиолч Д.Нацагдож, Д.Пагмадулам нар багтаж байсныг уншигчид андахгүй.

Үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Архивын ерөнхий газар, Үндэсний номын сан, Тагнуулын ерөнхий тусгай архив, Гадаад харилцааны төв архив хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.