
“Загалмайлсан эцэг” киноны сүүлийн хувилбараас хойших хэдэн арван жил, мөн хамгийн сүүлд хэвлэгдсэн тус роман хэвлэгдсэнээс хойш арав гаруй жилийн дараа Корлеонегийн гэр бүлийн гэмт хэргийн түүхийг анх удаа эмэгтэй хүний өнцгөөс өгүүлсэн ном ирэх 2027 онд хэвлэгдэхээр болжээ. “Random House” хэвлэлийн компани “Загалмайлсан эцэг” зохиолыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг оюуны өмчийн эзэн Марио Пюзогийн гэр бүлээс худалдан авч, америкийн нэрт зохиолч Адриана Трижианигаар шинэ роман бичүүлэхээр болсноо зарлалаа.
2027 оны намар худалдаанд гарах “Connie” нэртэй тус романы гол дүр нь “Загалмайлсан эцэг III” кино дахь Корлеоны гэр бүлийн эмэгтэй гишүүний дүр байх гэнэ. Пюзогийн гэр бүл “Загалмайлсан эцэг” романыг үргэлжлүүлэх гурав дахь зохиолд зөвшөөрөл өгсөн нь “Connie” болжээ. Бас анх удаа эмэгтэй зохиолчид зөвшөөрөл өгсөн нь энэ аж.
“Конни бол өөрийг нь хэн болох, юу хийх, ямар хүндлэл хүлээхийг нэгэнт шийдсэн ертөнцөд өөрийн замыг гаргахын төлөө ажиллаж буй эмэгтэйн тухай зохиол юм. Хүмүүс Дон Вито Корлеоне, Майкл Корлеоне нарыг дутуу үнэлснийхээ шанг хүртдэг. Конни Корлеоны хувьд ч бас ингэх болно” гэж Адриана Трижиани өгүүлжээ.
Харин “Загалмайлсан эцэг” цувралыг бүтээсэн “Paramount Pictures” компани шинэ зохиолын киноны эрхийг авсан байна.