
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд СЕХ-ны даргыг чөлөөлж, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох санал хураалт явууллаа. Санал хураалт явуулахын өмнө ирц бүрдэхийг багагүй хугацаанд хүлээсэн юм. Энэ үеэр УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга Н.Учрал "Б.Батцэцэг, Э.Бат-Амгалан, Э.Чинбүрэн сайд нар хаана байна. Сайд нар ажилдаа дарагдаад ядраад, түүртээд, ажил нь амжихгүй байвал хэлээрэй. Сайдын ажлыг УИХ-ын гишүүнтэй хавсарч хийхэд түүртдэг. Тиймээс энэ бол хувийн зохион байгуулалт өндөртэй хүмүүсийн хийдэг ажил. Ажилдаа түүртдэг хүмүүс хийж чадахгүй ажил. Тиймээс хэлэх хэрэгтэй.
Аль алийг нь амжуулж чадах, хувийн зохион байгуулалт өндөртэй, мэдлэг чадвар, туршлагатай, ид хийж бүтээх насан дээрээ яваа, ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүн олонхийн бүлэг дотор олон байна. Энэ байдлаа намын даргадаа уламжилж байгаа олон хүн бий гэдгийг ажилдаа түүртэж яваа сайд нарт сануулъя" гэв.