Эрх барих хугацаандаа дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгчөөр нэрлэгддэг байсан Хосе Мухика 89 насандаа таалал төгслөө. Улсын тэргүүн атлаа орд харшаас татгалзаж, хөдөөх фермийн умгар хашаандаа хүнс ногоогоо өөрөө тариалж, аль 80-аад оны хуучин тэргээ хөлөглөх Уругвайн Ерөнхийлөгч цалингийнхаа 90 хувийг буяны үйлсэд хандивладаг байв. “Ядуу Ерөнхийлөгч” гэх цол гуншингийн хариуд Мухика “Амьдралд ямар нэгэн үнийн шошго байдаггүй болохоор би ядуу хүн биш” гэж хариулсан удаатай.

Тэгвэл ардчилал, хууль ёсны төлөөллөөр сонгогдсон атлаа удам дамжин эд баялгаа зузаатгасан хаад ноёд, бизнесийн магнатуудаас дутуугүй хөрөнгөжсөн улстөрчдийн жагсаалт анхаарал татна. Түүхийн энэ цагт, дэлхийн улс төрийн тавцанд буй чинээлэг удирдагчдын төрийн жолоо, тэрбумын данстай зэрэгцэн оршиж буй нь гайхалтай атлаа зөрчилтэй үзэгдэл юм.

Владимир Путин
Хязгааргүй эрх мэдэлтний эдийн засгийн сүлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч 2000 оноос хойш тасралтгүй төрийн эрх барьж буй. Путины албан ёсны орлого хэдий жирийн дунд түвшний төрийн албан хаагчийнх шиг даруухан мэдүүлэгтэй ч барууны судлаачид болон оффшор хөрөнгийн талаарх баримтууд нь түүнийг дэлхийн хамгийн баян төрийн тэргүүн болохыг төвөггүй илчилнэ. Түүний нэр дээр бүртгэлтэй орд харш, данс ховор. Гэхдээ найдвартай эх сурвалжууд түүнийг 70 орчим тэрбум долларын хөрөнгөтэй гэж үздэг. Зарим тооцооллоор Путины хөрөнгө хэдийнэ 200 тэрбум давсан ч гэдэг. Кремлийн удирдагч Швейцарьт оффшор компаниуд, тансаг харш, хувийн цуглуулга, нисэх онгоц, дарвуулт завь эзэмшихээс гадна үндэстэн дамнасан эрчим хүч, тээвэр, банкны сүлжээнд ч нөлөөгөө тогтоосон. Товчхондоо Путины хөрөнгө бол зөвхөн мөнгө биш. Энэ бол эрх мэдлээр дамжуулан бүтсэн эдийн засгийн сүлжээ.

Дональд Трамп
Улс төрийн тайзнаа

АНУ-ын 45, 47 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп улс төрд бизнесийн хувцастай орж ирсэн нэгэн. 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп өөрийгөө “амжилтын бэлгэ тэмдэг”, “улс төрд цэвэр мөнгөөр орж ирсэн хүн” хэмээн сурталчилж байв. Түүний хөрөнгийг 2025 оны байдлаар 7.8 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Нью-Йорк дахь Трамп цамхаг, гольфын талбай, зочид буудлууд, ТВ шоу, худалдааны зөвшөөрөл зэрэг нь хөрөнгийнх нь үндэс болдог. Гэвч Трампын хөрөнгө нь улс төрийн өндөр алба хашиж байх хугацаанд ч маргаан, ашиг сонирхлын зөрчил, шүүхийн маргааны гол сэдэв болсоор ирсэн. “Бизнес эрхлэгч учраас би улс орныг ч компани шиг удирдаж чадна” хэмээсэн түүний үгийг шүүмжлэгчид улс орныг ашгийн байгууллага шиг удирдах нь ардчилалд харш гэж үздэг.

Ким Жон Ун
Хаалттай орны нууцлаг тэрбумтан

Умардын удирдагч Ким Жон Ун Солонгосын ард түмний саналаар сонгогдсон гэх боловч угтаа төрийн эрхийг угсаа залгамжилсан гурав дахь үе. Гэвч БНАСАУ-ын Үндсэн хуулийн дагуу бол үндэстний эцэг Ким Ир Сэний ач хүү сонгуулиар “баталгаажсан” удирдагч юм. Саяхнаас түүнийг дэлхий нийт зөвхөн цөмийн зэвсгээр бус, үлэмж их хөрөнгөтэй диктатор гэдгээр нь ч анзаарч эхэллээ. Ким Жон Уны хөрөнгийг ойролцоогоор 5 тэрбум ам.доллар гэж үнэлсний дотор Швейцарийн банкууд дахь нууц данс, тансаг автомашин, харш, хувийн онгоц, дарвуулт хөлөг бий. Европт сурч байсан он жилүүдээс улбаатай хөрөнгө хураалт ч түүний хөрөнгийн эх үүсвэрт тооцогдоно. Умардын удирдагчийн хөрөнгийн үнэлгээ нь тус улсын жирийн иргэдийн өдөрт нэг удаа цагаан будаа идэх боломжоос хол зөрүүтэй.

Нарендра Моди
Баячуудын найз

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нь өөрийгөө эгэл гаралтай, ард түмний төлөө зүтгэгч хэмээн дүрсэлдэг. Гэвч түүний Засгийн газар хөрөнгөтэй олигархуудтай тун ойр ажилладаг нь олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн. Модийн хувийн хөрөнгө албан ёсны мэдээгээр бол 500 мянган ам.доллар гэж бүртгэгдсэн ч дэмжигч бизнес бүлэглэлүүд, тэдэнд ашигтай гэрээ хэлцэл нь эрх мэдэл эдийн засгийн түншлэлийн бохир жишээнд тооцогддог юм. Үнэлэгдээгүй баялгийн цаана эрх мэдэл, төрийн институциудын тэгш бус хуваарилалт орших нь тодорхой.

Сильвио Берлускони
Хэвлэл мэдээллээс Засгийн ордон руу

Берлускони хэвлэл мэдээллийн бизнесээр хөрөнгөжин улмаар улс төрд хөл тавьснаар Италийн Ерөнхий сайдаар гурвантаа сонгогдон ажилласан. Түүний нэр Италийн дотоод улс төр, шүүхийн танхим, хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн зэрэг цуурайтдаг байв. 2023 онд нас барахаас нь өмнө Берлусконийн хөрөнгө 8.5 тэрбум ам.доллар хүрсэн. Үүнд “Media set” хэмээх телевизийн сүлжээ, үл хөдлөх хөрөнгө, AC Milan баг зэрэг спортын хөрөнгө оруулалт багтана. Эх орноо аврахаар улс төрд орж ирсэн хэмээн тунхагладаг байсан ч хожим нь авлигын олон хэрэгт нэр холбогдож, шүүхээр ял сонссон Берлусконийн замнал бол итали маягийн реалити шоу шиг зугаатай ч нууцлаг басхүү дуулиантай өрнөсөн юм.

Себастьян Пиньера
Бизнесмэн төрийн тэргүүн

Чилийн Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдсон Себастьян Пиньера бол бизнесийн ертөнцөөс улс төр рүү орсон цөөн удирдагчдын нэг. Латин Америкийн хамгийн баян улстөрч тэрээр 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Түүний хөрөнгө нь банк, агаарын тээвэр, телевизийн компани зэрэг олон салбараас бүрддэг. Ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаанд өөрийн бизнесийн ашиг сонирхолд нөлөөлсөн шийдвэрүүд гаргаж байсан гэх хардлага олонтаа дэгдэж байв.

Пол Бийя
Хөрөнгөө зузаатгасан 40 жил

Камеруны төрийг 1982 оноос хойш удирдаж буй Пол Бийя нь Африк тивд хамгийн удаан засагласан Ерөнхийлөгч. Олон улсын хүний эрхийн байгууллагууд түүнийг авлига, төрийн мөнгийг хувийн зорилгод ашигласан хэрэгт байнга нэр холбогдуулдаг ч сонгууль бүрд тэсэж үлдсэн хэвээр. Пол Бийя ойролцоогоор 200 сая ам.долларын хөрөнгөтэй. Африкийн дундаж иргэний амьжиргаатай харьцуулбал зүүд мөрөөдөл мэт сонсогдох баялгийн жагсаалтад нь Франц дахь үл хөдлөх хөрөнгө, оффшор данс, гэр бүлийн тансаг хэрэглээ бүгд бий.

Эммануэль Макрон
Банкнаас Елисейн ордон руу

Францын Ерөнхийлөгч нас залуугийн дээр сайн боловсролтой, эдийн засгийн онолыг гүн эзэмшсэн нэгэн. Макрон улс төрд орохоосоо өмнө Rothschild & Cie банканд зөвлөх хийж байхдаа хэдэн сая еврогийн хуримтлал үүсгэж чаджээ. 2025 оны байдлаар түүний хөрөнгө 31 сая ам.доллар. Францын олон нийт түүнийг “банкны Ерөнхийлөгч” гэж шүүмжилдэг бол Макрон өөрийгөө “шинэ үеийн реформч” хэмээн тодорхойлдог.

Режеп Тайип Эрдоган
Шинэ султан

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бол 20 гаруй жилийн турш төрийн жолоог атгаж, засгийн бүх салбарт нөлөөгөө тогтоосон хүчирхэг удирдагч. Олон улсын судалгаанууд түүнийг бараг хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй далд хөрөнгөтэй гэж үздэг. Үүнд гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, гадаад дахь хөрөнгө оруулалт багтана. Эрдоган “Исламын үндэстний сэргэн мандал” нэрийн доор үндсэрхэг үзлийг дэвэргэж, эдийн засгийг хянах бодлого хэрэгжүүлсэнийхээ шимийг хүртэж яваа.

Жо Байден
Хожуу баяжигч

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден улс төрд 50 гаруй жил зүтгэж, дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, эцэстээ төрийн тэргүүн болсон. Урт хугацааны турш дундаж түвшний орлоготой байсан ч, дэд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа номын борлуулалт, илтгэлийн хөлс, хөрөнгө оруулалтаар гэнэт хөрөнгөжсөн байдаг. 2025 оны байдлаар түүний болон гэр бүлийн хөрөнгө ойролцоогоор 10 сая ам.долларт хүрчээ. Хэдий Трамп шиг тэрбумтан биш ч Байден төрийн албан тушаал, хувийн орлого хоёрын ялгааг сайн зохицуулж чадсан хэмээн санхүүгийн шинжээчид дүгнэдэг билээ.

Төрийн сэнтий бол ард түмний итгэл, харин тэрбум ам.долларын хөрөнгө бол зах зээлийн үнэлэмжийн илэрхийлэл. Хоорондын зөрүү нь багасах тусам ардчилал бүдгэрч, улс төрийн алба хувь хүний баялгийн хэрэгсэл болон хувирдаг билээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хөрөнгийн энэхүү жагсаалт зөвхөн тоо биш юм. Энэ бол ардчиллын бодит байдлын тусгал, төрийн ёс зүйн сорил гэж хэлж болно. Хүн бүр өөрийн ирээдүйг сонгуулиар шийдэж чадна. Гэхдээ сонголт хийхдээ тэр хүн хэнд үйлчилдэг хийгээд хэнд өртэй талаар тунгааж, эд баялаг чухам хэний гарт очиж төвлөрч болохыг эргэцүүлэх л учиртай.