Видео контент нь зөвхөн мэдээлэл түгээх хэрэгсэл биш бидний өдөр тутмын харилцаа, сэтгэлгээ, шийдвэр гаргалтад хүчтэй нөлөө үзүүлдэг болсон. Нийгмийн сүлжээнд цацагдах хэдхэн хормын богино бичлэг хүртэл хүний бодолд нөлөөлж, нийгмийн чиг хандлагыг өөрчилж чаддаг. Ийм хүчтэй нөлөөтэй бүтээлүүдийн амьд өгүүлэмжийг бий болгоход видео эдиторуудын нарийн мэдрэмж, ур чадвар зайлшгүй чухал үүрэгтэй. Тэд дүрсийг эвлүүлж, хэмнэл, өнгө, уур амьсгал, сэтгэл хөдлөлийг уусган, контентын утга санаа, нөлөөг бүрэн илэрхийлдэг. Өнөөдөр эдиторуудын оролцоо зөвхөн кино, телевизийн хүрээнд хязгаарлагдахгүй, боловсрол, маркетинг, бизнес, сошиал медиа зэрэг олон салбарт үнэлэгддэг, орлуулшгүй мэргэжил болжээ.
Эдиторын эрэлд
Орчин цагийн хэрэглэгчид мэдээллийг зөвхөн унших бус, харин үзэж, мэдэрч, ойлгохыг илүүд үзэх болсон нь видео контентын үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Ялангуяа сошиал сүлжээнд хөдөлгөөнт дүрс нь хурдан анхаарал татаж, сэтгэл хөдлөл төрүүлэн, ойлголтыг энгийнээр дамжуулах хамгийн үр дүнтэй арга болжээ. Энэ эрэлтэд нийцүүлэн, видео контентыг урлагийн түвшинд бүтээж, үзэгчдэд хүргэхэд видео эдиторуудын үүрэг улам чухал болж, дэлхий даяар тэдний хэрэгцээ эрчимтэй нэмэгдсээр байна. Жишээ нь, “YouTube” платформд өдөрт дунджаар 30000 гаруй шинэ видео бичлэг нийтлэгдэж байгаа бол “TikTok” дээр өдөрт нийт 34 сая орчим богино хэмжээний видео байршиж байна. Энэ нь минут тутамд 16000, секунд тутамд 270 орчим шинэ видео нэмэгдэж буй гэсэн үг. Ийм их хэмжээний агуулгын дунд анхаарал татахуйц, чанартай контент бүтээх нь энгийн бус, ур чадвар өндөртэй ажил болон хувирч байна. Энэ бол эдитор мэргэжилтнүүдийн орон зай, үнэ цэн улам нэмэгдэж буйг илтгэх тод жишээ.
Маркетингийн салбарт л гэхэд видео нь хэрэглэгчийн анхаарлыг хэдхэн секундэд татаж, брэндийн үнэ цэнийг товч бөгөөд тод илэрхийлэх хамгийн хүчтэй хэрэгсэл болсон. Тиймээс олон байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ойлгомжтой, уялдаа холбоотойгоор хүргэхийн тулд дотооддоо видео эдиторын баг бүрдүүлэх шаардлагатай тулгараад байна.
Мөн боловсролын салбарт видео хэлбэрээр хичээл хүргэх нь суралцагчдын ойлголт, сонирхлыг нэмэгдүүлдэг тул сургалтын байгууллагууд мэргэжлийн видео контент бүтээгчидтэй хамтран ажиллах болжээ. Харин сошиал медиа, мэдээллийн платформуудын хувьд видео бол зүгээр нэг формат бус, харин стратегийн гол зэвсэг болж хувирсан. Платформуудын алгоритм ч видеог түлхүү дэмжиж буй энэ үед эвлүүлэгчдийн бүтээл нь контентын амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл болоод байна. Тиймээс өнөөдөр контент бүтээх цогц багт видео эдиторууд зайлшгүй багтаж, чухал үүрэгтэй мэргэжилтнүүдийн нэг болоод буй.
Минутаар хэмжигдэх үнэ цэн
2023 онд дэлхийн видео контентын салбар 600 тэрбум ам.долларт хүрсэн бол 2027 он гэхэд энэ үзүүлэлт нэг триллион ам.долларыг давах төлөвтэй байна. Энэхүү өсөлт нь зөвхөн хэрэглэгчдийн тоо болон платформын хөгжлийг илтгэхээс гадна видео контентыг амь оруулж буй эдитор мэргэжилтнүүдийн үнэ цэнийг давхар гэрчилж буй. Тухайлбал, 2024 оны “Statista”-ийн судалгаагаар АНУ-д видео эдиторуудын дундаж жилийн орлого 62420 ам.долларт хүрсэн бөгөөд бүтэн цагийн ажилтнууд цагт дунджаар 30-40 ам.долларын цалин авдаг байна. Харин минут тутамд тэдний бүтээсэн контентын үнэ 0.5-2 ам.доллароор үнэлэгддэг бол, өндөр ур чадвар, нэр хүндтэй туршлагатай фриланс эдиторууд нэг минутын эвлүүлгээ 10-100 хүртэлх ам.доллараар үнэлүүлэх тохиолдол ч бий. Энэ нь салбарын хурдацтай өсөлт, контентын чанар, бүтээлч байдлын эрэлт нэмэгдэж буйтай шууд холбоотой юм.
Видео эдиторуудын олон улсын жишиг орлогыг харвал,
· Их Британи-жилд 38000–57000 ам.доллар, цагийн 18-27 ам.доллар
· Канад-Жилд 51000 ам.доллар, цагийн 24.6 ам.доллар
· Франц (Парис)-Анхан шатны эдиторууд сард 1700-2100 ам.доллар, туршлагатай нь сард 3200+ ам.доллар
· БНСУ (Сөүл)-Жилд ойролцоогоор 40000 ам.доллар
· АНУ-Жилд 62420 ам.доллар, цагийн 30-40 ам.доллар, минут тутамд 0.5-2 ам.доллар
· Туршлагатай фриланс эдиторууд-Нэг минутын эвлүүлэг 10-100 ам.доллароор үнэлэгдэх боломжтой.
Видео эдиторуудын үнэлэмж улс орон бүрд харилцан адилгүй байгаа нь тухайн орны эдийн засаг, контентын зах зээлийн цар хүрээ, мэргэжилтнүүдийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй шууд холбоотой. Өмнө нь видео эвлүүлэгчид зөвхөн дүрсийг таслах, энгийн эвлүүлэг хийхэд төвлөрдөг байсан бол өнөөдөр энэ салбар бүрэн шинэ шатанд гарчээ. Одоо тэд секунд бүрийг уран бүтээлийн чухал элементийн нэгэн хэсэг гэж үзэн, өнгө аяс, дуу авиа, хэмнэл, сэтгэл хөдлөл зэрэг үзэгчийн мэдрэмжийг хөдөлгөх бүхий л элементийг нарийн уялдуулан, бүтээлч сэтгэлгээгээр төгс зохиомж болгон амилуулж байна. Ийм учраас видео эдиторуудын үнэ цэн тасралтгүй өсөж, салбарын өрсөлдөөн улам ширүүсэж буй.
Монголын видео эдиторуудын үнэлэмж ба хөгжил
Дэлхийн видео контентын зах зээл хурдацтай тэлж, эдиторуудын үнэ цэн өсөж байгаа энэ үед монгол видео эдиторууд ч чанар, бүтээлч байдлаараа өөрсдийгөө бататгаж, салбартаа өсөлттэй ажиллаж байна.
Өнөөдөр Монголын видео эдиторуудын сарын орлого дунджаар 1.5-2 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол туршлагатай, нэр хүндтэй эдиторууд сард 10 сая төгрөг буюу түүнээс дээш орлого олж байна. Энэ нь дотоодын контентын зах зээл хөгжиж, чанартай видео бүтээлд эрэлт нэмэгдэж байгаатай холбоотой. Мөн ур чадвартай, идэвхтэй эдиторууд гадаад зах зээл рүү чиглэн төслийн зарчмаар олон улсын үйлчлүүлэгчидтэй хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, алхам алхмаар хүрээгээ тэлсээр байна. Гэсэн ч олон улсын түвшинд тогтвортой ажиллахад хэлний мэдлэг, соёлын ялгаа, өөрийгөө олон улсад зөвөөр танилцуулах зэрэг сорилтууд тулгардаг учраас бүх эдиторууд ижил тэгш боломж олж чаддаггүй. Гэсэн ч монгол эдиторууд бүтээлч сэтгэлгээ, хурдан суралцах чадвар, технологид уян хатан дасан зохицох чанараараа эдгээр бэрхшээлийг даван туулж, ирээдүйд дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд үнэлэгдэх бүтээлч хүч болон төлөвших бүрэн боломжтой.