
Монгол Улсын Төрийн шагналт зураач, судлаач, багш Б.Пүрэвсүхийн “Мөнгөн мод” хэмээх түүхэн үнэ цэн бүхий бүтээлийн анхны хэвлэмэл хуулбарыг “Чингис хаан” үндэсний музейд хандивлах ёслолын арга хэмжээ боллоо. Уг бүтээлийг Б.Пүрэвсүх сангаас “Чингис хаан” Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд бэлэглэв.
Б.Пүрэвсүхийн 1989 онд бүтээсэн “Мөнгөн мод” бүтээл нь Монголын эзэнт гүрний түүхэн дурсгал, төрт ёсны уламжлал, шашин шүтлэгийн эрх чөлөөний үзэл санааг орчин үеийн уран сайхны хэлээр илэрхийлсэн бэлгэдлийн гүн агуулгатай бүтээл билээ. Тус арга хэмжээг “Чингис хаан” Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээж үг хэлсэн бөгөөд, зураач Б.Пүрэвсүхийн үр хүүхэд, хамтрагч, шавь нар оролцлоо.
Энэ үеэр зураачийн охин Д.Байгалмаа хэлэхдээ “Бид Пүрэвсүх санг байгуулж аавынхаа уран бүтээл, судалгаа шинжилгээний ажлыг олон нийтэд таниулах, залуу уран бүтээлчид, судлаачдад хүргэх, Монголын түүх, дүрслэх урлагийн үнэ цэнтэй бүтээлүүдийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьсон зорилгыг Чингис хаан Үндэсний музей хүлээн авсанд гүн талархал илэрхийлье. Аавын минь хувьд уран зураг гэдэг зөвхөн өнгө будаг дүрслэлийн илэрхийлэл бус, харин түүхээ танин мэдэх, үндэстнийхээ үнэт үзүйлсийг ойлгон мэдрэх нэгэн чухал хэл нь байсан” гэдгийг онцлов.
Б.Пүрэвсүх зураачийн ач хүү Б.Мандуул, “Өвөөгөө харж, өвөөтэйгээ биечлэн уулзаж, ярилцаж байгаагүй ч түүний уран бүтээл, тэр дундаа “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн киногоор нь дамжуулан авьяас билэг, мэдлэг боловсрол, даруу төлөв зан чанарыг нь таньж, мэдэж өссөн. Цаашид аав, ээж, ах эгч нарынхаа хамтаар өвөөгийнхөө үлдээсэн үнэт өв соёлыг хадгалан хамгаалж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсийг нэр төртэй үргэлжлүүлэн авч явах болно” гэв.
Мөнгөн мод бүтээл түүх, урлаг, төр ёс, оюун санааны эрх чөлөөг холбосон, Монголын соёл иргэншлийн нээлттэй, хүлээцтэй мөн чанарыг илэрхийлсэн уран сайхны өв. Тиймээс Чингис хаан Үндэснимй музейн сан хөмрөгт үнэтэй хувь нэмэр оруулсанд талархаж музейн “Батламж”-ийг Б.Пүрэвсүх санд гардуулан өглөө.
Б.Пүрэвсүх 1971 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид элсэн суралцаж, 1977 онд төгсөөд эх орондоо ирсэн байна. Улмаар Дүрслэх урлагийн дунд сургуульд уран зураг, урлагийн түүхийн багшаар ажиллаж, мэдлэг боловсрол, уран бүтээлийн туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Түүний түүх, соёлыг сонирхон судлах хүсэл эрмэлзэл бага наснаас нь эхтэй. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх үеэсээ түүхийн сэдэвт ном зохиолыг шимтэн уншиж, судалдаг байсан тухай төрсөн ах, Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нь дурссан байдаг. Тэрбээр Монголын түүхтэй холбоотой ном, эх сурвалж, ховор гэрэл зургийг цуглуулж, тэдгээрт тулгуурлан судалгаа хийж, уран бүтээлээ туурвидаг байжээ. Энэ нь түүнийг зөвхөн дүрслэх урлагийн уран бүтээлч төдийгүй түүх судлал, урлагийн онолын чиглэлээр гүнзгий сонирхон ажиллаж байсан судлаач болохыг илтгэнэ.

