Энэ онд Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буй билээ. Үүнийг тохиолдуулан Монголын сэтгүүл зүйн болон гэрэл зургийн салбарын түүхэнд онцгой нэгэн хуудсыг нээсэн гэрэл зурагчин, “Үнэн” сонины гэрэл зургийн сурвалжлагч М.Лхагвасүрэн агсны амьдарч асан цаг үеийнхээ нийгмийн өнгө төрх, улс төр, соёл, ахуй амьдралыг гэрэл зурагт баримтжуулсан бүтээлүүдээс сорчилсон “Үнэн” тусгай үзэсгэлэн “Монголын Үндэсний музей”-д гарч байна.
Уг үйл явдалтай холбогдуулан тус үзэсгэлэн болон М.Лхагвасүрэн агсны уран бүтээлийн талаар баримтат гэрэл зурагчин Л.Элбэгзаяатай уулзаж ярилцлаа.
- М.Лхагвасүрэн гуай бол баримтат гэрэл зургийн хөгжилд туйлын их хувь нэмэр оруулсан, зарим талаар энэ чиглэлийг үндэслэгчдийн нэг гэж хэлж болно. Энэ удаад аавынхаа “Үнэн” нэртэй үзэсгэлэнг дэглэж үзэгчдэд толилуулж байна. Мэдээж аавынхаа зургуудын чанартайгаар хэвлэж хүмүүст хүргэх, залуу үедээ харуулах гэх хүсэл таны дотор олон жил оршсон байх. Эндээс хоёулаа яриагаа эхлэх үү?
- Аав минь амьд ахуйдаа үзэсгэлэн гаргая гэж хэлээд зургуудаа ялгаж байсан юм. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас үүдээд хувь хүний хүмүүжил, төлөвшил, хийж байсан ажлын шаардлага зэргээс хамаараад илүүтэй социализмын үеийг магтан дуулсан, цаг үеийнх нь удирдлагуудын зураг голдуу орчихсон байсан. Би ч тэр үед “Өө, энэ зургуудаар үзэсгэлэн гаргахгүй ээ” гэж хэлсэн л дээ. Тэгээд аавыгаа өнгөрснөөс хойш бүтээлүүдэд нь гар хүрээгүй орхисон юм. Саяхнаас ер нь үзэсгэлэн гаргая, зургуудаар нь ном бүтээе гэж санасан. Ингээд зургуудыг нь хараад үзэсгэлэн гаргах нь зүйтэй юм байна гэж сэтгэсэн.
Хамгийн гол нь би яг одоо л хийхгүй бол дараагийн үе маань бидний өмнөх үе буюу аавын минь цаг үеийн зургуудыг ойлгохгүй болохоор үнэ цэн нь алдагдчих болов уу гэж бодогдсон л доо.
- Тэгэхээр удахгүй бас М.Лхагвасүрэн гуайн зургуудаас бүрдсэн гэрэл зургийн ном уншигчдад хүрэх нь ээ...
- Тийм. Энэ үзэсгэлэн бол ном бүтээх ажлын эхлэл. Ерөөсөө архив дахь зургуудынх нь зах зухаас л үзүүлж байгаа юм. Дараа жилээс номыг уншигчдад хүргэнэ.
- Баримтад гэрэл зураг тухайн агшныг ч тэр, цаг үеийн аж байдал, хүмүүсийн ахуй амьдралыг бүхэлд нь хадгалж авч үлддэгээрээ онцлогтой. Гэхдээ хамгийн гол нь баримтад гэрэл зургийн цаад хүч нь юу вэ?
- Нэг хэсэгтээ дижитал технологи үүсээд, гэрэл зурагчид ч олон болж, зураг авахад ч амархан болсон. Тэгэхээр гэрэл зургийн үнэ цэн жаахан муудсан юм болов уу дээ гэж боддог. Саяхнаас гэтэл хиймэл оюун ухаан бий болсноор гэрэл зургийг бүр ч үнэлэмжгүй болгосон. Энэ технологи чинь зургийг хөдөлгөхөөс гадна зохиомлоор ч үүсгэчихэж байна. Энэ зүйлийн яг эсрэг талд баримтад гэрэл зураг зогсож байгаа. Бидний авч байсан үеийн баримтад гэрэл зургийн нэгэн том үлдэц, хамгийн үнэ цэнтэй зүйл нь хальс. Яг хальс дээр гэрэл зургаа авдаг. Тэр хальсийг дахин орлуулж хийх аргагүй. Хиймлээр бүтээх ч аргагүй. Тиймээс яг хальстайгаа байгаа гэрэл зураг бол баримтад гэрэл зургийн жинхэнэ баримттай, эх сурвалжтай гэрэл зураг гэж үнэлэгдэх болсон. Одоо бол гэрэл зургийг жинхэнэ мөн чанараар нь гогдож, ойлгодог хүмүүс буцаад хальс руу орж эхэлж байна.
-660x0.jpeg)
- Гэрэл зургийг илүүтэй уран бүтээл тал руу нь хандуулж байна гэж ойлгох уу?
- Ер нь баримтат гэрэл зураг бол миний ойлголтоор гэрэл зургийн оргил. Мэдээж гэрэл зураг дотроо маш олон төрөлтэй. Тэр бүх төрлийн хамгийн оройд нь баримтат гэрэл зураг байдаг гэж ойлгодог.
- Үзэсгэлэнд гаргасан зураг бүр дор дороо тайлбартай байна. Үүнээс гадна зургуудын нэрс анхаарал татлаа л даа. Эдгээрийг яг М.Лхагвасүрэн агсан өөрөө өгсөн үү?
- Өөрийнх нь өгсөн нэрүүд. Зургаа архивлахдаа бичсэн байсан нэрүүд нь юм. Харин тайлбаруудыг нь бол манай томоохон гэрэл зурагчдын нэг С.Цацралт хийсэн юм л даа. Аавын авсан зургуудыг үзэгчдэд ойлгуулахын тулд гэрэл зургийн хэл рүү нь хөрвүүлэх шаардлагатай байсан гэх юм уу даа.
- М.Лхагвасүрэн агсан “Үнэн” сонинд ажиллаж байсан. Уг үзэсгэлэнд сонинд нийтлэгдээгүй, илүүтэй уран сайхны шинж маягтай, хөдөлгөөнтэй зургуудыг сонгож тавьсан санагдлаа...
- Тийм. Гэрэл зургийн сурвалжлагч гэхээс илүүтэй дан гагц уран бүтээлч талаас нь харсан юм. Мэдээж зарим нь “Үнэн” сонинд гарсан зургууд ч байгаа. Гэтэл зарим зургууд нь сонины шаардлага хангахгүй зургууд. Жишээ Ю.Цэдэнбал даргын ширээнд суугаад дурсгалын дэвтэр дээр бичиж буй нэг зураг бий. Дээрээс нь авчихсан зураг л даа. Гэтэл тухайн үед дарга нарыг дээрээс нь авч болохгүй. Тэгэхээр сонинд гарч болохгүй зураг гэсэн үг. Мөн сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хальс давхардсан зураг бий. Тухайн үедээ “брак” ч гэдэг юм уу, алдаатай зураг болчихож байгаа хэрэг. Одоо бол уран сайхантай гоё зурагт тооцогдоно. Үүнээс гадна хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн партизан өвгөн Гонгор баатартай хамт тамхи татчихсан явж байгаа юм. Гэтэл тамхи зуусан зургийг мэдээж сонинд гаргахгүй. Одоо харахад тухайн үеийн хүмүүсийн хөдөлгөөн, бодит байдал нь өнөө цагийн бидэнд үнэ цэнтэй байгаа юм.
- Сайн уран бүтээл цагийн дэнсийг туулж үлддэг гэдэг шүү дээ...
- Баримтат гэрэл зураг түүх өгүүлэхээс гадна уран сайхантай байх ёстой. Мөн дотоод мөн чанар, дотоод хэллэгтэй, агуулгатай байх ёстой. Тэр болгон нь нийлж бүтсэн зураг цагийн эрхэнд амьдраад л явдаг. Муу ч юм уу, агуулгагүй, хэлбэр муутай зураг бол тухайн үедээ мартагдаад л өнгөрнө.

- А.И.Филатова, Л.И.Брежнев нарын гэрэл зураг харагдана. Цайллагын ширээний ард сууж байх буюу их л чөлөөтэй хоорондоо нэгэн зүйлийг учирлан ярьж байх шиг... Тухайн үеийн хатуу, ширүүн хяналт дор ийм зургийг авч чадна гэдэг зурагчин хүний овсгоог илтгэж байх шиг. Уг зургийн талаар аав тань дурсаж байсан болов уу?
- Би энэ зургийг сая архивыг нь ухаж байгаад л олж үзлээ. Түүнээс бус өөрөө ярьж байгаагүй. Мэдээж Ю.Цэдэнбал, А.И.Филатова, Л.И.Брежнев нарын гурвуулаа суучихсан, хүлээн авалтын өмнөх зургууд бий л дээ. Яг өөдөөс нь эгц дарсан. Тийнхүү зураг дарчихаад гарахын үед эргээд харах хооронд л энэ хоёр яриад сууж байсан ч юм уу, тухайн үед нь самбаачлаад л авчихсан зураг. Мэдээж ийм зураг тухайн үедээ сонинд гарахгүй нь ойлгомжтой боловч аваад үлдэж байна гэдэг нь хувь уран бүтээлчийнх нь зураг авах чанар байгаа юм.
Мөн “Ю.Цэдэнбал даргын хүүхдүүдтэй билльяард тоглож байгаа нь” гээд биччихсэн байсан юм. Гэтэл би хальсийг нь харахаар тийм зураг олдоггүй. Яагаад ингээд биччихсэн юм бол гээд хайж явтал нэг кадр дээр, өөр нэг кадр наачихсан байсан. Нэг тийм өтгөн ч юм шиг сонин хальс таарахаар нь хуулаад үзтэл дотроос нь мөнөөх зураг нь гарч ирсэн. Тэгэхээр аав маань уг зургийг авчихсан боловч тухайн үеийн үзэл суртал ч юм уу, уг зургийг устга гэж даалгасан ч байсан уу үүнээс болоод энэ байдлаар аваад үлдчихсэн байсан.
- М.Лхагвасүрэн гуай олон арван шавь нартай гэрэл зургийн багш хүн байсан. Гэрэл зургийн цаашдын ирээдүйд санаа зовнидог, дотроо хөндүүрлэдэг тийм бодол өөрт нь байсан болов уу?
- Ер нь бол энэ дижиталд их таагүй ханддаг байсан. Учир нь өөрөө зохиомжийн хичээл орох юм уу, уг нь гэрэл зураг нэг иймэрхүү зүйл байдаг, гэтэл чиний зураг цаанаа ийм зүйлтэй давхардчихаж гэх мэтээр зааж байж л дээ. Жишээ нэг хүний зураг байлаа гэхэд яг хоолойгоор татсан шонгийн утас байлаа гэхэд зохиомжийн алдаа болдог. Гэтэл оюутнууд нь тэр алдаагаа комьютераар арилгаад байсан гэнэ ээ. Тэгээд аав минь дижиталын сайн тал нь хурдан, түргэн боловч гэрэл зурагчин болохоор сурж байгаа хүн алдаагаа засахгүй арилгаж янзлаад байхаар тухайн хүүхдүүд юм аа ойлгож, харж сурахгүй байна гэдэг байсан даа. Гэтэл хальсаар авчихвал тийм боломж байхгүй шүү дээ.
- Та бол бас манай баримтат гэрэл зургийн нэгэн төлөөлөгч, зурагчин хүн. Одоо бодоход ааваасаа уран бүтээлч, гэрэл зурагчин хүнийх нь хувьд өөртөө оршоож үлдсэн хамгийн хүчтэй зүйл юу байсан бэ?
- Бага байхдаа аавыгаа дагаж хөдөө гадаа явсаар байгаад гэрэл зурагт дурласан. Сүүлдээ гэрэл зургийн дугуйланд орж “Пионерийн үнэн” сонинд зургаа нийтэлдэг болсон. Яваандаа тус сониныхоо идэвхтэн сурвалжлагч болсон. Ингээд л сонин, хэвлэл рүү гулсчихаж байгаа юм л даа. Анх сонины даалгавараар зураг авахад тод сайхан фокустай зураг гарсан боловч ямар ч өгүүлэмж, агуулгагүй зураг болчихсон. Мэдээж сонины эрхмүүд болохгүй, муу зураг байна гэх зэргээр зэмлэнэ. Дахиж хоёр, гурав аваад ч болсонгүй. Тэгээд би аавд “Ер нь болохгүй юм аа” гэхэд аав надад “Аливааг хөдөлгөөн дунд нь авч бай. Тэгвэл хиймэл биш болно, энэ зурганд чинь хүч, агуулга нэмэгдэнэ” гэж хэлсэн. Одоо ч би нэг тийм номхон зогсож байгаа хүний модон зураг авахаас илүүтэй хөдөлж байхад нь авахыг боддог. Тэр л ааваас үлдсэн хамгийн хүчтэй зүйл байх.

- Мэдээж хөдөлгөөн дунд нь авна гэхээр тухайн үеийн технологийн хүчээс шалтгаалаад сарних, ашиглагдахгүй зураг их гарах тохиолдол байдаг байсан болов уу. Тэгэхээр онож буулгах, зурагчны гар чичрэхгүй байх зэрэг арга техник сайтай байж авах байх...
- Тэгнэ. Тэр бол техник ажиллагаа юм уу, гэрэл зурагчны чадвартай холбоотой. Ур чадвар гэдэг шүү дээ. Би болохоор ур гэдэг нь ухаан, чадвар нь механикаар гүйцэтгээд байгаа техник ажиллагаатай нь холбоотой гэж ойлгодог. Энэ хоёр хоёулаа нийлж байж сайн зураг гарна.
- Сүүлд зургуудыг нь харж байхад аавынх нь зургуудын үнэ цэн, үнэт зүйл, хамгийн гол мөн чанар нь юундаа үлдэж, оршсон байдаг бол. Та юуг нь илүүтэй ойлгож, хүлээж аваасай гэж сэтгэлдээ тээж явдаг вэ?
- Хараад байхад хуучин “Үнэн” сонин, Улсын гэрэл зургийн газар гэдэг хоёр том дэг сургууль байсан юм. “Үнэн” сонин дэг сургуулиар сонины гэрэл зурагчид илүүтэй суралцдаг, Улсын гэрэл зургийн газрынхаар бол чөлөөт, судалбар ч гэдэг юм уу тийм гэрэл зурагт сонирхолтой нь явдаг байж. Энэ хоёрыг харьцуулаад харахаар тухайн үеийн хэвлэл тааруу байсан ч юм уу, сонины гэрэл зураг нь бүх юм товч тодорхой, илүү дутуу юмгүй зургууд байсан. Бүх зүйл нь тодорхой байна гэхээр цөөхөн дүрсээр агуулгаа гаргана, зохиомжоо яг таг болгоно гэсэн үг. Энэ зарчмыг л залуучууд маань ойлгодог байгаасай.
Ярилцсан | Б.Алтанхуяг