
Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэрэгт Нийслэлийн Прокурорын Газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Улсын хэмжээнд 2779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаагийн 93 хувь нь нийслэлд, долоон хувь нь орон нутагт шалгагдаж байсан.
Прокурорын байгууллагаас хэргийг шуурхай шийдвэрлэх, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авсны үр дүнд 173 хэргээс 102 хэргийг шийдвэрлэснээс 656 иргэнд 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 12 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөн хэрэг шалгах явцад 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хөрөнгө хамгаалах чиглэлээр 372 ширхэг 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан байна.
Өнөөдрийн байдлаар 71 хэрэг шалгагдаж байгаа талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.