
Норвегийн угсаа залгамжлах гүнж Мэттэ – Марит АНУ-ын санхүүч, бэлгийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнтэй нөхөрлөж байсандаа харамсаж, “хууртагдсан, өөрийг төөрөгдүүлсэн” гэж мэдэгджээ.
АНУ-ын Хууль зүйн яамнаас Эпштейнтэй холбоотой сая сая баримтыг нийтэд дэлгэснээр дэлхий даяар шуугиан тарьж, олон нэр нөлөө бүхий хүмүүсийн холбоо ил болсон байна.
Гүнж ярицлагын явцад нулимс дуслуулан “Би хууртагдсан. Түүнтэй хэзээ ч уулзаагүй байсан болоосой гэж бодож байна” хэмээн ярьжээ. Баримтуудаас харахад гүнж 2008 онд насанд хүрээгүй охинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруугаа хүлээсний дараа ч Эпштейнтэй холбоотой хэвээр байсан байна. Тэрээр 2011–2014 оны хооронд харилцаж, 2013 онд Палм Бийч дэх Эпштейний гэрт дөрөв хоног саатсан нь тогтоогджээ.
Гүнж “Тэр бидний дундах нийтлэг танилыг ашигласан. Би хүмүүсийн сайн талыг харах дуртай, амархан итгэдэг. Гэхдээ дараа нь холбоогоо тасалсан” гэж хэлсэн байна.
Эдгээр шинэ баримтууд нь түүний 2019 онд өгсөн мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа бөгөөд тухайн үед тэр Эпштейний гэмт хэргийг мэдсэн бол хэзээ ч харилцахгүй байсан гэж мэдэгдэж байжээ.
Нэг имэйлдээ (2011 он) Гүнж “Би чамайг гүүглдэж үзсэн, тийм ч сайнгүй харагдсан” хэмээгээд инээмсэглэсэн тэмдэглэгээ хавсаргасан нь ил болжээ.
Нөхөр болох угсаа залгамжлах ханхүү Хаакон эхнэрээ дэмжиж байгаагаа илэрхийлж “Хүнд үед бид хамтдаа байдаг” гэжээ. Гүнж архаг уушгины өвчтэй бөгөөд ирээдүйд уушги шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Үүнээс гадна түүний том хүү Мариус Борг Хөүби хүчингийн хэрэг болон бусад гэмт хэрэгт буруутгагдаж байгаа нь гэр бүлд нь нэмэлт дарамт болж байна.
Судалгаагаар Норвегид хаант засгийн дэмжлэг 70 хувиас 60 хувь болж буурсан бол бүгд найрамдах засгийг дэмжигчид 19 хувиас 27 хувь болж өссөн байна.