
Нийслэлийн Онцгой байдлын газраас цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл хийлээ. Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болон нийслэлийн хэмжээнд нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
НОБГ-ын тэргүүн дэд дарга Д.Оюунбат: Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд 19 иргэн усны ослоор амиа алдлаа. Үүнээс 16 том хүн, гурав нь бага насны хүүхэд байв. Сүүлийн гурван хоногт 8 удаагийн усны ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зургаан иргэн амь насаа алдсаныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Өнөөдрийн байдлаар хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 1-ээс 2-ны шилжих шөнө гурван иргэн усны осолд өртсөний улмаас нэг нь модны мөчир таарч амьд гарсан бол үлдсэн хоёр иргэний цогцсыг найман цагийн дараа голоос олж гаргасан. Мөн өчигдөр 00:48 цагт дуудлага ирсний дагуу очиход дөрвөн иргэний нэг нь голын мөчир таарч амьд гарсан бол гурван иргэн голд урссан. Нэг иргэнийг олсон бөгөөд одоогоор хоёр иргэнийг эрэн хайx ажил үргэлжилж байна. Гол усны түвшин буурахгүй байхад иргэд гол дагуу амарч зугаалж байна. Туул голын усны түвшин нэмэгдсэн. Туул гол 45 см-ээс давж үерлэх эрсдэлтэй байгааг өмнө нь анхааруулсан. Голын усны түвшин есдүгээр сарын 15-ныг хүртэл буурахгүй. Туул голын усны түвшин Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био орчмоор эргээ давж, үерлэсэн нөхцөл байдал үүссэн. Үүний дагуу онцгой байдлыг газрын алба хаагчид ажиллаж 183 иргэний аюулгүй байдлыг хангасан." гэв.
Иймд иргэдийг голын ай сав дагуу, уул гуу жалга дагуу суурьшихгүй, зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн Дархан, Булган, Баянхонгорын замд үер бууж зарим газар замын эвдрэл гарчээ. Хэт халсны дараа гэнэтийн усархаг бороо орж болзошгүй байгаа тул үер усны аюулаас сэрэмжлэхийг сануулсаар байна.