Олон улсын архивын өдөр жил бүрийн зургаадугаар сарын 9-нд тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Жамбалын Энэбишийн хувийн гаралтай баримтыг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг Үндэсний төв архив зохион байгууллаа.
Энэ үеэр профессор Ж.Энэбиш “Лувсанвандан багшийн удирдлага дор Хүннү гүрний үеийн малчин нүүдэлчин монголчуудын дуу хөгжмийн түүхийг 60 жил судаллаа. 40 боть ном хэвлүүлжээ. Эдгээрийн дотроос “Монгол хөгжмийн их нүүдэл” 5 боть номыг хянан тохиолдуулсан эрдэмтэн багш Л.Дашням багшид баярлалаа. Мөн хугацаанд хээрийн шинжилгээний экспедицэд ажиллаж эх орны 18 аймаг 330 сум бригадаас дуу хуурын олон цагийн бичлэг бэлтгэжээ. Хилийн чанад дахь гадаад улс орнуудаас тухайлбал, БНХАУ, ОХУ, Тува улс дахь монголчуудын өв тээгчдээс найман цагийн бичлэг хийж томоохон сан бүрдүүллээ. Дурссан хугацаанд хийсэн цаасан болон хальсны өвийг Үндэсний төв архивын сан хөмрөгт өвлүүлж байгаадаа нэн баяртай байна. Ялангуяа дээрх өв соёл урлагийн сургуулийн магистр, докторантурт суралцаж байгаа оюутнуудад болон өвлөн тээгчдийн үр хойчид олдошгүй үнэт эх хэрэглэгдэхүүн байх болно. Сонирхогч хэн боловч хүрэлцэн ирж судлахыг урьж байна” хэмээн талархлаа илэрхийлэв.
Тус үйл ажиллагаанд түүний гэр бүл, үр хүүхэд ах дүүс, СУИС-ийн харьяа Соёл урлаг судлалын хүрээлэн, МУБИС-ийн Хэл зохиолын тэнхим болон урлаг судлалын эрдэмтэн судлаачид, шавь нарын төлөөлөл оролцлоо. Мөн Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээлгэн өгсөн баримтаар бичил үзэсгэлэнг дэглэж хүндэт зочдод үзүүлэв.