
Урлаг гэдэг тухайн нийгмийн үр жимс байдаг. Нэг ёсондоо нийгмийн тусгал.
Тэндээс бид өөрсдийн сэтгэхүй, аж байдал, туулж буй цаг үеийнхээ бадрал, доройтлыг цогцоор нь харж болно. Магадгүй уран сэтгэмж, зурвасхан гэрэлтсэн мэдрэмжээс бий болсон тийм шинэ санааг өөр түвшинд авч үздэг байж болох юм. Харин бусдаар бол хүн амьдран буй цаг үе, туулж өнгөрүүлсэн дурсамжаа л хэлтэлдэг. Бүтээсэн бүхэн нь тухайн салбартаа хэрхэн жин дарахыг харин үзэгч, уншигч, сонсогчид шүүнэ.
Тэдгээр шүүгчдээс дөнгүүрийг нь сонгож “судлаач” хэмээн тодорхойлолт зүүгээд нэгэн судалгаа хийлгэжээ. Тэд “Billboard chart” дахь долоо хоног тутмын шилдэг 100 дууны үгэнд анализ хийсэн байна. Ингэхдээ сүүлийн 25 жилийн хугацаанд тус жагсаалтыг тэргүүлсэн дуу бүрийг ая хэмнэл, шүлгийн хувьд нарийвчлан шинжилж, эцсийн дүгнэлтийг гаргав. Үр дүнд нь сүүлийн үеийн поп дуунууд улам л гуниг харуусалд живж, зовлон зүдүүр, түгшүүр, айдас зэрэг утга санааг илэрхийлдэг, сонсогчдод хүргэдэг болсныг онцлон тэмдэглэжээ.
Үүнээс үүдээд зарим сонсогчид, хөгжим сонирхогчид өнгөрсөн зуунд Улаанбаатарын тухай дуунууд гэрэл гэгээ, хөгжил, амар тайван, аз жаргалын сэдэвтэй байсан бол сүүлийн үед гэмт хэрэг, уйтгар гуниг, шөнийн амьдралын талаар илүүтэй өгүүлэх болсон гэдгийг шүүмжлэв. Мөн яг одоо сонсогчид ихэвчлэн поп, хип хоп дуунууд сонсох болсон бөгөөд эдгээр хөгжмийн төрөлд бүтээл туурвиж байгаа уран бүтээлчид нийгмийн хар барааныг түлхүү мэдэрч, дуулах болсон гэдгийг онцоллоо.
Үнэндээ энэ нь тийм ч шүүмжлээд байх сэдэв биш. Яг л дээр өгүүлсэн нийгмээс мэдэрч байгаа болоод өөрийн туулж буй цаг үеийнхээ үнэн төрхийг л уран бүтээлчид ая хэмнэлээр дамжуулан илэрхийлсэн хэрэг. Харин ярих хэдэн зүйл байна.
Хэдхэн долоо хоногийн өмнө реппер ThunderZ “Гэгээн” нэртэй шинэхэн уран бүтээлээ YouTube сувгаар дамжуулан сонсогчдод хүргэсэн нь өдгөө таван сая гаруй хандалт авчээ. Мөн тус бүтээлийн клипний өгүүлэмжээс үүдээд сонсогчид Төрийн шагналт зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм” романыг шимтэн унших болов. Ингэснээр тус ном хэдэн долоо хоногийн турш номын дэлгүүрийн хамгийн их борлуулалттай бүтээлийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Мэдээж энэ бол гарцаагүй нөлөөлөл үзүүлж байгаа жишиг мөн.
Яг үүнтэй адилаар гэмт хэрэг, уйтгар гунигийн сэдэвтэй дуунууд нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаанаас үүдсэн асуулт ургаад байгаа юм. Мэдээж энэ нь хувь хүний тухайн нөхцөл байдал, сэтгэлзүйн асуудалтай холбоотой. Судлаачид ерөнхий утгаар нь авч үзэж, дэлхийн нийтийн өнөөгийн самуун байдал, аливаа сөргөлдөөн, улс үндэстний эдийн засгийн хямралтай холбон тайлбарлаж буй. Магад нийгмийн сэтгэлзүйд үнэхээр уран бүтээл, тэр дундаа хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хань болгодог хөгжмийн бүтээлүүд чухал нөлөө үзүүлдэг ч биз. Гол нь тэдгээрээс үүдэлтэй нөлөөллийн шарх, эмгэг хэрхэн бий болж буйг дахин нарийвчилсан судалгаагаар авч үзэхгүйгээр өнгөц дүгнэж бас болохгүй. Тиймээс аль нэг талд нь туйлширсан үзлээр хандаж дүгнэлт хийх нь яарсан хэрэг болно. Гэхдээ энд нэг чухал зааг бий.
Урлаг нийгмийг тусгал уу, эсвэл нийгмийг бүрдүүлж байдаг уу гэх асуулт.
Өөрөөр хэлбэл, уран бүтээл бодит байдлын энгийн толь төдий юм уу, эсвэл тэр бодит байдлыг дахин давтаж, улам баталгаажуулж, зарим тохиолдолд гүнзгийрүүлж байдаг механизм уу гэдгийг бид орхигдуулж болохгүй. Ялангуяа дуу хөгжим шиг өдөр тутмын амьдралд нэвт шингэсэн, ихэнх нь шууд тухайн үеийн мэдрэмжээрээ хүртэж, ханддаг урлагийн төрөлд энэ асуулт бүр ч хурцаар тавигдана.
Өнөөдөр бидний ихэнх нь өглөө босоод л чихэвчээ зүүдэг. Замд явахдаа, ажил хийхдээ, орой ганцаардах үедээ хүртэл хөгжим сонсдог. Нэг талаас хөгжим хүний сэтгэлзүйн орон зайг чиглүүлж, дотоод мэдрэмж, зан араншныг ухамсрын талаас нь өдөөж байдаг хэрэгсэл мөн гэж судлаачид тодорхойлдог. Ийм нөхцөлд гуниг, бухимдал, айдас, уур хилэн давамгайлсан үгтэй дуунууд нийгмийн сэтгэлзүйд тодорхой ул мөр үлдээхгүй байна гэж үзэх нь дэндүү гэнэн хэрэг.
Гэвч ганцаардал гэдэг өвчин биш. Айдас, бухимдалтай адил хүний сэтгэлийн олон төлөвийн салшгүй хэсэг. Асуудал нь тэдгээр мэдрэмжийг хэрхэн боловсруулж, аль хэлбэрээр, ямар түвшинд илэрхийлж байгаад оршдог. Урлагийн түүхийг сөхвөл, хамгийн хүчтэй бүтээлүүд ихэвчлэн хямрал, эмгэнэл, доройтлын үед бүтээгдсэн байдаг. Харин тэдгээр бүтээлүүд гунигийг товойлгон харуулахаас гадна, түүнээс гарах гарцыг, эсвэл ядаж ухамсарлах боломжийг сонсогч, үзэгчдэдээ олгодог байсан нь үнэн.
Хөгжим, дууны үг ч тэр ялгаагүй ямар нэгэн утга илэрхийлдэг. Дуу хөгжмийн хэмнэл, ая дан, түүний утга учрыг олж нээхэд тулгуурладаг гэлээ ч үг чухал үүрэгтэйг бас мартаж болохгүй. Өдгөө дээрх судалгаанаас үүдээд дууны үг манай хөгжмийн ертөнцөд онцын үүрэггүй болчихсон юм шиг санагддаг.
Үг үхмэл, ямар ч илэрхийлэмжгүй, харин хэмнэл нь үүрд... Энэ нь магадгүй өнөөгийн дуу хөгжмийг тодорхойлно.
Үүнээс гадна олон нийтийн дунд хандалт хэрхэн авах вэ гэдэгт тулгуурлаад цахимд хошигнол болгож хэрэглэдэг үгс, үйл явдлаар ч дуу бүтээж түүнийгээ урлаг гэж нэрлэх болсон. Үнэндээ “Даам амьдарна”, “Сууя аа хө”, “Бужигнуулна хоёулаа” гэх мэт дуунууд Монголд л хит болж байна. Дууны үг бол өөрийн гэсэн хэмнэл, үгийн айзам, утгын яруу байдал зэрэг хоршсон, шүлэглэлийн хайрцагт баригддаггүй чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл ч болдог. Гэтэл найр наадмаар хоорондоо таарчихаад буу халж суухдаа ярьсан үгсээ дөрвөн мөрөөр хайрцаглаж, түүндээ хүчээр ая наачхаад дуу хийдэг болжээ. Угтаа дуу гэж өөрсдөө нэрлэж, бусад нь сонсож байгаа. Харамсалтай нь урлагийн ямар ч хандлага, үнэ цэн тэдний хийсэн бүтээлд хөөс төдий хувирмал байдалтай байгааг шуудхан хэлэх хэрэгтэй.
Зарим дууны үгс зөвхөн уур хилэн, доромжлол, хараал, эсвэл учир утгагүй өгүүлбэрүүдийн цуглуулга байдаг. Энэ нь нэг талаар зах зээлтэй уялдаатай. Учир нь тухайн бүтээл хурдан түгэх, богино хугацаанд сонсогчдын анхаарал татах ёстой гэх ямар ч мэргэжлийн чиг хандлагагүй хууль уран бүтээлчдийн дунд үйлчилнэ. Үг бол зүгээр нэг авианы нийлбэр биш сэтгэлгээний тусгал. Хэл ядуурах тусам сэтгэхүй ч дагаад ядуурдаг. Өнөөдөр олон залуу уран бүтээлчид үнэхээр чин сэтгэлээсээ шаналж, бухимдаж, нийгмийн зөрчлийг мэдэрч байгаа ч түүнийгээ үгээр илэрхийлэх хэлний нөөц, найруулгын чадвар дутмаг байгаагаас болж санаа нь гүехэн, хэлбэр нь бүдүүлэг уран бүтээлүүд давамгайлах болсон.
Зарим нь үүнийгээ хандалт авахын тулд бүтээсэн гэдгээ ний нуугүй, эрээ цээргүй хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь гэвэл реппер Серёжа, Foux хамтлагийн хамтарсан “Хараал мэднэ” гэх дуу бий.
Сонсогчид “Хараад л мэднэ” гэх үгийг буруу бичлээ гэж шүүмжилсэн. Эсвээс “хараал” гэх нэр үгийг “амьдчилан” хэрэглэсэн бол утгын томоохон алдаа гарч байна гэх зэргээр ч асуудал хөндсөн. Харин уран бүтээлчдийн зүгээс “Энэ бол шууд утгаараа. Бид угаас хандалт авахын тул зориуд ингэж” нэрлэсэн гэх тайлбарыг өгсөн. Энэ мэтчилэн жишээнүүд олон бий.
Ухаарлаас илүүтэй эргэцүүлэлд хөтлөх бүтээлд утга, өгүүлэмж, найруулга хамаагүй гэж хоосон хэлбэрдэх, түүнийгээ сэтгэлгээний чөлөөт илэрхийлэл хэмээн элдэв эрх чөлөө, оршихуйн тодорхойлолт руу чихэж суух нь зөв жишиг биш гэлтэй.
Дууны үгэнд төдийлөн анхаарахаа больсон явдал үнэндээ зохиолч, яруу найрагчидтай хамааралтай сэтгэгддэг. Тэд өөрсдийн уран бүтээлийн үнэ цэнийг хоосон уянга, усан улиглалаар хулдах болсноор яруу найргийн нэр хүнд унасан. Дээр нь зохиолчид хоорондоо үзэл бодол зөрж, тодорхой хүрээн доторх асуудлаа цахимаар ил цацаж, хэмлэлдэх болсон нь бүтээлийг нь уншдаг хүмүүсийн тэдний талаарх үнэлэмжийг унагасан.
Үүнийгээ дагаад яруу найраг, яруу найрагч гэх тодотгол өөрөө улных болсон. Тиймээс л дууны үгэнд ач холбогдол өгөхөө больчихсон нь бий. Өдгөө жинхэнэ яруу найргийг хип хоп артистуудаас олж харна гэдэг. Үнэхээр нийгмийн үнэнийг өчиж, сүүл холбосон утга төгөлдөр үгсээр тухайн мэдрэмжээ илэрхийлдэг артистууд олон. Гэхдээ тэр артистуудынх нь олонд хүрсэн, хит болсон дуунуудынх нь үгсийг шүүгээд үзвэл уран бүтээл гээд хэлчихээр дуу ховор.
Тиймээс бид гадаадын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанд үндэслэж, нийтээр гуниг, ганцаардлын дуу ихсэж, нийгэм дэх залуусын сэтгэлзүйг хар бараанаар дүүргэлээ гэж шүүмжлэхээс урьтаад ямар уран бүтээл сонсож, юунд илүү ач холбогдол өгч байгаагаа нэн тэргүүнд анзаарах хэрэгтэй.