
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-Хэдхэн хоногийн өмнө долоон цэрэг халагдсан асуудал үүссэн. Тэдний хоёр нь одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэж байна. Энэ асуудал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?
Цэргийн байгууллага, тэр дундаа хилийн цэргийн алба гэдэг өндөр хариуцлагатай, сахилга бат, зохион байгуулалттай байх ёстой. Ямар нэг дүрмийн бус харилцаанаас үүдэн, цэргийн албанд мордсон хүний үр бэртэж, гэмтэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох ёсгүй. Тиймээс албан хаагчдын аюулгүй, эрсдэлгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, дүрэм журам, стандартын сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр, бид цэрэг татлага дээр анхаарах ёстой. Цэрэг буцаж байгаа хэд, хэдэн үндэслэл байна. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг дутуу хийснээс үүдэн цэрэг тухайн анги, байршилд очсон хойноо алба гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Хоёрдугаарт, дүрмийн бус харилцаанаас үүссэн цэргийн халагдалт явагдаж байна. Надад ирсэн тоогоор 65 цэрэг эрүүл мэндээр тэнцсэн, тэнцээгүй, дахин үзэх шаардлагатай гэж буцаагдсан тоонууд байгаа. Үүн дээр бид анхаарах ёстой. Татаад авчирсан хойно нь асуудал үүсэж болохгүй. Татахаасаа өмнө эрүүл мэндийн болон аливаа асуудал байвал нягталдаг тогтолцоо руу орохгүй бол болохгүй юм байна гэж үзэж байгаа.
-Хоёр цэргийн эрүү хугарсан нь тогтоогдсон байна?
-Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарсан, гэмтсэн, чих сэтэрсэн гэдэг асуудал үүссэн. Эдгээр цэргийн ангийн удирдлагууд Улаанбаатар хотод ирсэн. Хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа. Үүнийг шалган тогтоох хэрэгтэй. Хэрэв албан хаагчтай дүрмийн бус харьцаж, эрүүл мэнд, амь насыг нь хохироосон бол хуулийн хүрээнд шийдвэрлэх хэрэгтэй. Тиймээс эдгээр асуудал дээр хууль, хяналтын байгууллага ажиллаж байна. Бид албан хаагч бэртэж, гэмтэхийг тохиолдол гэж авч үзэж болохгүй. Энэ бол тухайн ангиудын удирдлагатай шууд холбоотой асуудлууд. Эрсдэл хохирол гаргахгүй байх, зохион байгуулалтыг хийх, үйл ажиллагааг сайжруулах шаардлага байна.
-Эрх зүйн хүрээнд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, сайжруулах, хууль дүрэм журмын хийдэл, давхацлыг арилгах шаардлагатай байна. Тиймээс иргэн төвтэй эрх зүйн реформ хийх шаардлагатай. Хууль бидэнд дутаагүй. Монгол Улсад 930 гаруй хууль тогтоомж бий. Хууль сахиулах байгууллага, цагдаагийн албанд 318 хууль тогтоомж хэрэгжиж байна. Тэгэхээр бид зөвлөх, туслах, урьдчилан сэргийлэх тал дээр ажиллах ёстой.