
Италийн хойд хэсгийн Форли хотод түргэн тусламжийн машины 27 настай жолооч таван өндөр настай өвчтөнийг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн эрүүгийн мөрдөн шалгалтад орсон талаар орон нутгийн прокурорын газрын төлөөлөгч мэдээлжээ.
Тэдгээр таван өвчтний бүгдийнх нь зүрх гэнэт зогссон гэж прокурорын газрын төлөөлөгч хэлсэн байна. Хохирогчид бүгд өндөр настай бөгөөд хүнд өвчний эмчилгээ хийлгэж байсан хүмүүс байжээ. Тэд яаралтай бус тээвэрлэлтээр гэр эсвэл асрамжийн газраасаа эмнэлэг, клиник рүү хүргүүлэх шаардлагатай байсан хүмүүс байсан аж.
Төлөөлөгчийн хэлснээр сэжигтэн этгээдийн ажилладаг түргэн тусламжийн үйлчилгээний байгууллага 2025 оны хоёрдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд түүний жолоодож явсан машинд сууж явсан дөрвөн өвчтөн нас барсны дараа сэжиглэж эхэлжээ.
Үүний дараа тус байгууллага цагдаагийнхантай хамтран түргэн тусламжийн машины арын хэсэгт нууц камер болон дуу бичих төхөөрөмж байрлуулсан байна.
Ингээд тухайн сарын сүүлээр 85 настай эмэгтэй зүрхний эмнэлгээс сэргээн засах төв рүү тээвэрлэгдэж байх үедээ нас баржээ. Тээвэрлэж байх явцад тэр эмэгтэй зүрх гэнэт зогсож, түргэн тусламжийн машин дотор байхад нь нас барсан гэж зарласан тухай цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Албаныхан эмэгтэйн шарилд задлан шинжилгээ хийсний дараа уг хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн гэж прокурорын газрын төлөөлөгч мэдэгджээ.
Нэрийг нь албан ёсоор зарлаагүй байгаа сэжигтэн жолооч одоо хүртэл баривчлагдаагүй байна. Тэр хоёр хүний бүрэлдэхүүнтэй багт ажилладаг бөгөөд яаралтай бус түргэн тусламжийн машин жолоодох болон өвчтөнд тусламж үзүүлэх үүргийг ээлжилж гүйцэтгэдэг байжээ.
Түүний өмгөөлөгч Глориа Парижигийн мэдээлснээр, сэжигтэн этгээд 2023 оноос хойш түргэн тусламжийн байгууллагад ажиллаж байсан байна. “Тэр одоо ил болж буй зүйлсэд маш их цочирдсон. Энэ хэрэг түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн ч тэр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж байна. Тэр нуун дарагдуулах зүйлгүй тул шүүхийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаа. Иймээс прокурорын газарт байцаалт өгөх хүсэлт гаргасан” гэж Парижи орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр, бүх нас баралт тэднийг түргэний тэргээр тээвэрлэж байх үед эсвэл тээвэрлэсний дараахан болсон бөгөөд тухайн үед сэжигтэн түргэн тусламжийн машины арын хэсэгт өвчтөнүүдтэй хамт байсан гэдгийг тогтоосон байна.
Прокурорын газрын төлөөлөгч “Эдгээр нас баралт хорт бодис хэрэглэснээс, эсвэл өөр нууцлаг аргаар үүссэн байж болзошгүй” гэж хэлсэн бөгөөд сэжигтнийг энэ долоо хоногт санаатайгаар олон хүнийг хөнөөсөн (voluntary multiple homicide) хэрэгт буруутган яллаж магадгүй гэдгийг нэмж хэлжээ.