
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Аймгаасаа хамаарч тухайн аймгийнх нь нийт малын 5-6 хувь нь хоргодсон бол даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олголдог. Үүнийг өөрчилж аймгаар нь бус сумаар нь тооцдог байхаар болж байна. Ийнхүү даатгалд хамрагдах босго үзүүлэлт өөрчлөгдсөөр 120 сум дөрөв, 156 сум тав, 59 сум зургаан хувийн босго үзүүлэлттэй болж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, сумаасаа хамаарч тухайн сумын нийт малын 4-6 хувь нь хоргодсон тохиолдолд даатгалд хамрагдсан малчдад нөхөн олговор олгодог болох нь.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 2014 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд малчдаас 36 тэрбум орчим төгрөгийн даатгалын хураамжийг цуглуулсан бол 29.4 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр буцааж олгожээ. Тэр дундаа сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2023 онд 14 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийг, 2024 онд 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийг нөхөн олговор болгон төлсөн байна. Хамгийн өндөр дүнтэй буюу 15 сая төгрөгийн нөхөн олговрыг 2023 онд Төв аймгийн Баянзүрх сумын малчин, 2024 онд хамгийн өндөр нөхөн төлбөр болох 86 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин авчээ.
УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 92 гишүүний 79.2 хувь нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжин баталлаа.