
Баян-Өлгий аймагт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймгаас отор нүүдэл, худалдаа арилжаа, үржил болон бусад зориулалтаар ямаа, ухна оруулах шилжилт хөдөлгөөнийг 30 хоног хязгаарлажээ.
Говь-Алтай болон Төв аймагт бүртгэгдсэн ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг тус аймгийн онцгой байдлын газрын хуралдаанаар хэлэлцсэн байна.
Мөн өвчний тархалт, эрсдэлийг нэмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад аймаг, орон нутгаас ямаа оруулахгүй байхыг анхааруулав.
Үүнээс гадна малчдад өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг шуурхай, хүртээмжтэй хүргэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.