
Монголын хөлбөмбөгийн холбооны 2025-2026 оны үндэсний дээд лигийн тоглолтууд явагдаж байна. Дээд лигийн хүснэгтийг тэргүүлж буй “Улаанбаатар” баг “Хоромхон”-ыг 7:0-оор хожиж 13 дахь хожлоо авлаа. Тоглолтод З.Лхагваа гурван гоол оруулсан бол Н.Сайнбуян хоёр, Акихиро Сүкүки, Б.Цэнд-Аюуш нар нэг гоол хийлээ. Б.Ганбат дасгалжуулагчтай “ФС Улаанбаатар” баг энэ хожлын үр дүнгээр хүснэгтийг 41 оноотой тэргүүлж эхэллээ. Мөн хаврын тойрог эхэлснээс хойш 7 тоглолт дараалан хожиж 40-с дээш оноотой эхний баг боллоо.
Хүснэгтийн хоёрт бичигдэж буй “Централ Сталлионс” баг “Дэрэнтэй” тоглож 2:1-ээр хожлоо. Тоглолтод О.Энх-Оргилын дамжуулалтаар Марело Жуниор эхний гоолыг оруулсан бол хожлын хоёр дахь гоолыг Б.Сүлд-Эрдэнэ орууллаа. Харин “Дэрэн” багаас Б.Батмөнх 86 дахь минутад торгуулийн цохилтоос нэг гоол хийсэн юм.
Дээд лигийн хүснэгтийг “ФС Улаанбаатар” баг 41 оноогоор тэргүүлсэн хэвээр байгаа бол “Централ Сталлионс” 36, “Хангарьд” 30, “Дэрэн” 27, “Хантерс” 25 оноогоор эхний тавд бичигдэж эхэллээ.
Дээд лигийн 18-р тойрог ирэх лхагва гарагт “Централ Сталлионс”, “Улаанбаатар” багуудын тоглолтоор эхэлнэ. Энэ долоо хоногт нийт дөрвөн тоглолт явагдах хуваарь гарчээ.
