
Ойрхи Дорнод дахь дайнаас үүдэн шатахууны үнэ огцом өсөж буйтай холбоотойгоор Австралийн Виктория болон Тасмани мужууд нийтийн тээврийг түр хугацаанд үнэгүй болгох шийдвэр гаргалаа.
Виктория муж дөрөвдүгээр сарын турш галт тэрэг, трамвай, автобусыг үнэ төлбөргүй ашиглуулах бол Тасмани муж өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын эцэс хүртэл бүх нийтийн тээврийг үнэгүй болгожээ.
Харин New South Wales (Сидней хот байрладаг) зэрэг бусад мужууд ижил арга хэмжээ авахгүй байхаар шийдэж, нийтийн тээврийн эрэлт нэмэгдэхэд зориулан төсвөө хадгалах бодлого баримталж байна.
Шатахууны үнэ өсөхөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь Ормузын хоолойд үүссэн хязгаарлалт бөгөөд дэлхийн нефтийн 20 орчим хувь дамждаг энэхүү гарц бараг хаагдсанаар олон улс түлш хэмнэх арга хэмжээ авч эхэлжээ.
Австралийн Ерөнхий сайд Антони Албаниз шатахуун хомсдох вий гэсэн айдас нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийг тайвшруулах мэдэгдэл хийсэн байна.
Виктория мужийн Ерөнхий сайд Жасинта Аллан “Энэ нь бүх асуудлыг шийдэхгүй ч одоогийн нөхцөлд яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээн мэдэгдсэн бол Тасманийн Ерөнхий сайд Жереми Роклифф шатахууны үнийн өсөлт айл өрхийн төсөвт нөлөөлж байгааг онцолжээ.
Сүүлийн долоо хоногийн байдлаар Австралид бензиний дундаж үнэ литр тутамд 2.38 австрали долларт хүрч, дайны өмнөх үеэс мэдэгдэхүйц өссөн байна.