
Археологичид Туркийн эрэг орчмоос дэлхийн хамгийн эртний усан онгоцны сүйрлийг илрүүлжээ.
Уг онгоцны үлдэгдэл 4400-4700 жилийн тэртээх Хүрэл зэвсгийн эхэн үе буюу Египетийн Их Пирамид баригдаж байсан цаг хугацаанд хамаарна.
Онгоцны модон хийц бүтнээрээ үлдэж хоцроогүй ч тээвэрлэж явсан керамик савнууд нь далайн ёроолд хадгалагдан үлдсэн төдийгүй зарим нь дотроо агуулж байсан зүйлийнхээ ул мөрийг өнөөг хүртэл хадгалжээ.

Археологчдын таамаглаж буйгаар ойролцоогоор 10 метр урттай уг хөлөг Газар дундын тэнгисийн зүүн эргээс ачаагаа тээвэрлэн баруун хойш эртний Трой хот эсвэл Крит дэх Миной рүү хүргэдэг байжээ. Экспедицийг удирдсан, Туркийн Акдениз их сургуулийн профессор Хакан Өниз энэхүү усан онгоцны сүйрлийг далайн ёроолд орших цаг хугацааны капсул хэмээн тодорхойлсон байна.Уг олдвор нь Анталья мужийн Кекова арлын ойролцоо, далайн гадаргуугаас ердөө 30 метрийн гүнд, далайн ёроолын налуу дээр тархан байрласан байдалтай олджээ. Судлаачид гурван том чулуун зангуу, мөн амфора гэж нэрлэгддэг 30 гаруй керамик сав олсон юм. Хөлөг онгоцны модон эд ангиуд бүрэн сүйдсэн тул органик материалаас нүүрстөрөгчийг хэмжин олдворын насыг тогтоох боломжгүй. Тиймээс археологичид амфора савнуудын хэлбэр дүрсэнд дүн шинжилгээ хийж, улмаар хоёр бариултай, голдоо хяр болон хавтгай суурьтай онцлог нь Египет болон Ойрхи Дорнодоос олддог 4400-4700 жилийн настай эдлэлүүдтэй ав цав тохирч байгааг тогтоосон байна.

Кекова арлын олдвороос өмнө Өмнөд Грекийн Докос арлын ойролцоогоос олдсон, 4200 жилийн тэртээ сүйрсэн онгоц хамгийн эртнийд тооцогдож байв. Харин модон хийц нь хэсэгчлэн хадгалагдаж үлдсэн хамгийн эртний усан онгоцны сүйрэл нь Болгарын эрэг орчмоос Хар тэнгисээс олдож байжээ.