
Бодлогогүй, стандартгүй, хяналтгүй баригдсан барилгуудын балгаар олон айл өрх эрүүл, аюулгүй, тайван орчинд амьдарч чадахгүй, жирэмсэн эмэгтэй эвдэрсэн цахилгаан шатнаас болж төрөх хүртлээ зовох учиргүй.
Өдрөөс өдөрт байрны үнэ тэнгэрийн хаяанд тулж нэг метр квадрат нь дунджаар 3 сая 500 мянган төгрөгт хүрээд байгаа билээ. Ипотекийн зээл, цалингийн зээл, хуримтлуулсан мөнгөө шахаж байж авсан байр нь ямар ч хяналтгүй баригдсаар байна. Хотын дахин төлөвлөлтөд цаашдаа стандартыг мөрдүүлэхэд голчлон анхаарахгүй бол өдрөөс өдөрт бүрхэг болж байгаа нийслэлийн ирээдүй хотоороо нүүхээс өөр аргагүйд хүрч мэдэх юм.
Түргэн тусламж ирж, төрөхөөр явахад ч уйлмаар санагдаж байсан

2025.10.20
Баянзүрх дүүрэгт байрлах “Хоршоолол” хотхоны нэг орцны цахилгаан шат эвдэрснээс болж 50 орчим айл өрх, нялх хүүхэдтэй олон ээж, ахмад настанд бэрхшээл тулгарсан. 10 давхар орон сууцны долоон давхарт амьдардаг Х.Ариунзаяаг жирэмсэн байхад ч засагдаагүй, хүүхэд нь төрөөд долоон сар хүрэх хүртэл нь бахь байдгаараа байсаар жил гаруй болж байсан юм.
“Хоршоолол” хотхоны оршин суугч Х.Ариунзаяа
Би жирэмсэн байх үедээ том гэдэстэй тул шууд долоон давхар луу өгсөж чадахгүй дунд нь хэд хэд амран байж гэртээ ордог байсан. Хамгийн сүүлд төрөх гээд өвдөж байхад түргэн тусламж ирээд шатаар буух гэж цаг маш их алдсан. Дамжлах ортой буух боломжгүй, өөрөө алхаж чадахгүй, маш их өвдөж, уйлмаар санагдаж байсан. Одоо ч цахилгаан шат ажилддаггүй болохоор хүүхдээ гадаа агаарт гаргахад хүндрэлтэй байна. Хүүхэдтэйгээ хоёулхнаа байдаг надад өдөр бүр туслах хүн байхгүй.
“Хоршоолол” хотхоны СӨХ-ны дарга П.Юмжирмаа дээрх байдлыг тухайн үед орон сууц 2014 онд ашиглалтад орохдоо л стандарт, шаардлага хангаагүй цахилгаан шаттай байсан гэж хэлж байсан юм. Улсын хэмжээнд 170 лифтний ашиглалтын хугацаа дууссан байдаг бөгөөд өдөр тутам багадаа 30 мянга гаруй иргэн зорчиж тэдний аюулгүй байдал дээсэн дөрөөн дээр байгаагийн нэг илрэл нь дээрх жишээ юм. Тус хотхоны цахилгаан шат одоо ч засагдаагүй байна.
“Гаднаа гяланцаг дотроо паланцаг” зүйр үгийн биелэл

2025.10.30-2025.11.04
Гаднаасаа загвар дизайн чамин, ганган, гялалзсан орон сууцны нэг айл руу ороход л зэвтэй уснаас болж угаалтуур нь шарласан, хүйтэн паартай, даарч бээрсэн хүмүүс угтана. Барилга нь ашиглалтад ороод хоёроос гурван жилийн нүүрийг л үзэж байгаа ч шинэ барилгын чанарын асуудлыг гогцоолдож байгаа юм.
“Гүмүда гарден” “Хүннү вилла” хотхоны асуудал

Яармагийн хоёр хотхоны 1000 орчим айл өрхийн 4000 гаруй оршин суугч ундны ус нь зэвтэйгээс болж олон асуудал тулгамдаж байна. Хүүхдийнх нь биед тууралт үүсэх, ихэнх зүйл нь шарлах асуудал энүүхэнд юм. Тухайлбал, “Гүмүда гарден” хотхоны 450 өрхийн 2000 орчим оршин суугч халаалт муу, ус нь зэвтэй зэрэг хуруу дараалсан олон асуудалтай амьдардаг. Айл өрх ус шүүгчийн ачаар зэвтэй усыг аргалж байгаа ч анх авахдаа 900 мянган төгрөг, хурдан бөглөрдгөөс болж солих бүрд дунджаар 100 мянган төгрөгийн зарлага гаргадаг байна. Түүнчлэн “Хүннү вилла” хотхоны 520 айл өрхийн дунджаар 2000 гаруй иргэн адилхан асуудалтай байгаа юм.
“Гүмүда Гарден ” болон “Хүннү вилла” хотхоны оршин суугчид
Ус тосоод харахад шар өнгөтэй болсон байдаг... хүүхдүүдийн бие загатнаж, зэвтэй уснаас болж тууралт гарч байсан. Халаалт муугаас болж нярай хүүхэд ханиад хүрч, эдгэх хүртлээ хүйтэн гэрт зутруухан байдалд байгаа нь хэцүү байна. Гадаа хүйтэн болохоор гэртээ нэлээн даарч байна. Тог олон удаа тасарч цахилгаан шатанд гацах, хоол ундаа хийж чадахгүйд хүрэх зэрэг олон асуудалтай байсаар байна. Шөнө халаалт гэнэт байхгүй болдог мөн гэртээ зузаан хувцастай суудаг гомдол гаргаад ч нэмэргүй байгаа...
Уг хоёр хотхон нь Яармаг буюу ХУД-ийн 23, 24 дүгээр хороонд байрладаг бөгөөд өнгөрсөн жил айл өрхийн зэвтэй усны асуудлыг шийдсэн гэж албаныхан хэлж байсан юм. Гэвч бодит байдал эсрэгээрээ байсаар байна. Тухайн хороодод цэвэр усны 4.8 км үндсэн шугамыг зэв үүсгэхгүй хоолойгоор шинэчилж байсан юм.
НЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер Л.Алтангэрэл
Орон сууцны зэвтэй усны шалтгаан нь бараа материалын чанар, дотор болон гадна цэвэр усны шугам, айлын доторх угаалтуур зэрэг олон зүйлсээс шалтгаалдаг. Мөн Барилга барихдаа стандартын шаардлага хангаагүй бараа материалыг ашигласан. Хил гаалиар чанар стандартгүй орж ирдэг, бараа материалыг шинжлэх байгууллага байхгүй байгаатай холбоотой юм. Энэ мэт олон асуудлаас болж цэвэр усны төвийн шугамыг засаж сайжруулсан ч зэвтэй усны асуудал арилахгүй байна.
Иргэдийн эрх амьдрах үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа байдлаас эхлээд зөрчигдсөөр байна. Улаанбаатар хотод өдрөөс өдөрт өнгөлөг барилга сүндэрлэж байгаа ч чанар стандартыг ярихгүй бол үзүүлэн төдий болсоор байгаа юм. Газар чөлөөлж утааг арилгахын тулд айл бүрийн янданг буулгах шаардлагатай гэж ярьдаг атал нөгөө талд барилгын балаг нь үргэлжилсээр байна.
A.Номин ("Eagle news" телевизийн сэтгүүлч)