
Уран бүтээлч Д.Анхбаярын “Салхин мөр” уран бүтээлийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд маргааш нээнэ.
Энэхүү үзэсгэлэн нь хүний дотоод ертөнц, хайр, холбоо, эх ундарга, цаг хугацаа болон байгаль, махбодын нэгдлийг уран бүтээлийн хэлээр илэрхийлсэн цогц үзүүлэн юм.
Үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь зөвхөн дүрс, хэлбэрийн гоо зүйгээр хязгаарлагдахгүй. Харин ч үзэгчийг өөрийн дотоод мэдрэмж, амьдралын утга учир, оршихуйн нууцлаг холбоосын тухай эргэцүүлэхэд хөтөлнө. Мөн орчлонгийн хөдөлгөөн, шинэ амины эхлэл, хүний сэтгэлийн үл үзэгдэх урсгал зэрэг гүн утга санааг бүтээлдээ шингээж, эрэгтэй, эмэгтэй бодгалийн нэгдэл, тэнгэр-лус-газрын холбоо, эх булаг болон үргэлжлэлийн тухай бэлгэдлийг уран сайхны хэлээр илэрхийлжээ.
Эдгээр бүтээлд байгаль, домог, махбод, дотоод ухамсар, үгүйлэл, тэмүүлэл, дотно холбоо зэрэг сэдвүүд олон давхар утгаар сүлэлдэж, үзэгч бүр өөрийн мэдрэмжээр тайлбарлах нээлттэй орон зайг бий болгож байна.
“Салхин мөр” хэмээх үзэсгэлэнгийн нэр нь өөрөө үл харагдах мөр атлаа мэдрэгдэж үлдэх хөдөлгөөн, өнгөрсөн ба одоо, дотоод ба гадаад ертөнцийн хооронд үлдэх чимээгүй ул мөрийг санагдуулах аж.
Энэ утгаараа бүтээлүүд нь биет дүрслэлээс давж, сэтгэлд үлдэх дурсамж, гэрэл, хоосрол, холбооны тухай өгүүлж буйгаараа онцлогтой юм. Түүнчлэн дүрслэх урлагийн хүрээнд оршихуй, хайр, эхлэл, үргэлжлэл, хүний дотоод ертөнцийн гэрэл ба сүүдрийн тухай эргэцүүлэх онцгой боломжийг бүрдүүлсэн байна.
Тус үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.