
Баасан гарагт Парисын баруун хэсэгт зэвсэглэсэн этгээд машинаас гал нээж нэг хүнийг хөнөөж, таван хүнийг шархдуулсан хэрэг гарлаа. Шархдагсдын нэг найман удаа буудуулсан 12 настай охины биеийн байдал хүнд байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ явдлыг "арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан террорист халдлага" хэмээн эрс буруутгав.
Макрон баасан гаргийн орой халдлага болсон Трапп хотод өөрийн биеэр очиж, эмгэнэл илэрхийлсэн юм. Тэрээр Францын нийгэм арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн золиос болох учиргүй гээд "Бүгд Найрамдах Улсын дотор үндэс сууриа тавьж буй, ийм үйлдлийг зөвтгөх үзэл санаанд бууж өгөхгүй” гэв.
Трапп хотын дарга Али Рабехын мэдээлснээр, зэвсэгт этгээд баасан гаргийн өглөө тус хот болон зэргэлдээ Ла Верриер хотын гудамжаар машин жолоодож явахдаа таарсан хүмүүс рүүгээ гал нээж байжээ. Тэрээр үүнийг "бодит байдал дээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, магадгүй лалын шашинтнуудыг үзэн ядах үзлээс үүдэлтэй халдлага" гэж тодорхойлсон юм.
Терроризмтой тэмцэх прокурорууд гэмт этгээд хохирогчдын арьс өнгө, үндэс угсаа эсвэл шашин шүтлэгийг зорилтот бай болгосон эсэхийг шалгаж байна.
Уг хэрэгт холбогдуулан 39 настай эрийг цагдаа нар саатуулсан бөгөөд Францын терроризмтой тэмцэх прокурор түүнийг Кевин Т. гэж танилцуулсан юм. Сэжигтэн баасан гаргийн өглөөний 10:30 цагийн орчимд Трапп болон Ла Верриер хотын гудамжаар машинтай зорчих үедээ 15 минутын хугацаанд хэд хэдэн удаа гал нээжээ.
Прокурорын мэдээлснээр сэжигтнийг машинд нь саатуулах үед дэлхийн хоёрдугаар дайны үеийн Британийн Sten загварын автомат буу болон нулимс асгаруулагч гранатууд олдсон байна. Уг этгээд мөн өөрийн амьдардаг орон сууцанд хийн баллонд холбосон тэсрэх төхөөрөмж бэлдсэн байжээ.