
Тоо худал хэлдэггүй гэдэг үгтэй. Гэвч монголын улстөрчид тоогоор ч худал яриулдаг гэдгийг батлах хэдхэн жишээг энд өгүүлье.
Эхэнд нь харин бидний аж амьдрал ямархуу байгааг та нэг бодоод үзээрэй. Эдийн засаг нь өсөөд байгаа гэх Монгол Улсад мах магнаг болж, инфляц нь нэг оронтой тоонд тогтвортой байгаа гэх боловч үнийн өсөлтөд иргэд туйлдаж гүйцлээ. Өмнө нь цалингаараа авдаг байсан хүнсний нэр төрөл нь ч, уутны хэмжээ нь ч багассаар. Бодит салбарын өсөлтөө дагасан үнэлэмж бус, улс төрийн зорилгоор нэмсэн цалин өөрөө төгрөгийн ханшийг шалд нь буулгаж байна. Багахан хэтрүүлэгтэй боловч ханандаа төгрөг наах нь обой нааснаас хямд тусаж байна гэх шүүмжлэл оргүй хоосноос гараагүй. Ийм байхад л улстөрчид өдөр бүр шинэ, сайхан амлалт өгч байгаа боловч амьдрал дээр хэрэгжихээс нь өмнө тэд өөрсдөө огцорсоор... Цонхны цаанаас чихэр долоолгоод сурчихсан тэд огцорлоо гээд хүлээх хариуцлагагүй, үлдлээ гээд үзэгдэх үр дүнгүй л байна. Харин эсрэгээрээ амьдралдаа бизнес хийж үзээгүй тэдний эргэн тойрныхны тансаглал арай гэмээр байгааг та бид харсаар. Олонх нь голоо тасартал бүсээ чангалж байхад, зарим нь бүсээ тасартал голоороо “таргалж” байна шүү дээ. Иймэрхүү л дүр зурагтай өдөр хоногууд өнгөрсөөр энэ хаврыг илээж дуусах биз ээ... Одоо үндсэн сэдэв рүүгээ оръё.
Ерөнхий сайд солигдож, сайд нарын суудал хөдлөх нь монгол хүн бүрийн анхааралд өртөөд буй. Итгэл найдвар гэхээс илүү хардлага төрүүлсэн улс төрийн бужигнаан дунд сайдын суудалдаа хэвээр үлдсэн цөөнгүй хүн ч байна. Гэвч амласан бүхэн нь алга болж, шинэ зорилго төлөвлөгөө танилцуулсан болоод л үр дүн гэгчийг хойш тавьжээ. Монголын эдийн засаг тэдний ярьснаар бол маш өөр дүр зурагтай байх ёстой. Харамсалтай нь, ам, ажлын зөрүү алд дэлэм хол байгааг бид мэднэ. Өнөөдөр энэ улсыг нуруундаа үүрч дүүрч яваа бизнес эрхлэгчид Засгийн газраас юу хүлээж байна вэ?
2026 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Төсвийн алдагдлын ард аж ахуйн нэгжүүдийн тамир тэнхээ тэр хэрээр дордож буй гэсэн үг. Монгол Улсын төсөв тэллээ хэмээн индэр дээрээс бахархалтайгаар зарлаж буй тооных нь ард татвар нэмэгдсэн гэх далд утга бий. Татвар төлөгчдийн тоогоо нэмэхийн оронд татварынхаа хувь хэмжээг нэмэх бодлого барьдаг нь манай эрх баригчдын гэм биш зан. 2026 оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс харвал татварын нийт орлого 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 75.3 тэрбум төгрөгөөр өсөхөд, нийгмийн даатгалын орлого 225.5 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 159.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ. Энэ тоо гэхдээ аж ахуйн нэгжүүд нэмэгдсэнээс үүдсэн эерэг тоо гэхээс илүү дансыг нь хааж дарамтаа нэмэгдүүлсэнээс үүссэн эсрэг тоо юм.
Татвар, зээлийн дунд 2026 оны эхний улиралд татварын нийт орлогын
- Орлогын албан татвар 28.5%
- НӨАТ 24.0%
- Нийгмийн даатгалын
орлого 24.0%
- Гадаад үйл
ажиллагааны орлого 7.2%
- Онцгой
албан татварын орлого 3.4%
- Бусад
төрлийн татвар 12.8% төлбөр
хураамжийн орлого бүрдүүлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал ажлаа хүлээн авмагцаа татварын өртэй холбоотойгоор дансаа хаалгасан 12 мянга гаруй аж ахуйн нэгжийн дансыг нээнэ гэж мэдэгдсэн. Үнэндээ дансыг нь нээсэн ч нэг сарын дотор татварын өр төлбөрөө барагдуулах үүрэг хүлээлгэж буй. Харамсалтай нь, бодит байдал дээр нэлээд хугацаанд дансаа хаалгасан аж ахуйн нэгжүүд нэг сарын хугацаанд үйл ажиллагаа нь жигдэрч татварын өрөө барагдуулж хэвийн болно гэдэг өрөөсгөл. Цаашдаа энэ асуудлыг хуулиараа зохицуулах хэрэгцээ хэр их байгааг нөхцөл байдал тодорхой харуулсан. 2025 онд татварын орлого буурахад орлогын албан татварын орлого 26.1, АМНАТ 65.8 хувиар багассан нь ихээр нөлөөлсөн байдаг. Улсын дансны өөр нэг хуудаснаа нийгмийн даатгалын орлого 28.2, НӨАТ дөрөв, гадаад үйл ажиллагааны орлого 9.1 хувь өссөнийг тэмдэглэжээ. Өнгөрсөн 10 жилд 2016 болон 2020 онд л татварын орлого буурснаас бусад жилд нь байнгын өсөлттэй байж. 2025 оны эхний улиралд татварын орлогын хэмжээ жилийн өмнөхөөсөө буурсан ч 10 жилийн өмнөхөөс 5.4 дахин, үүнээс орлогын албан татвар 11 дахин нэмэгдсэнээрээ тэргүүлэв.
Уул уурхайн салбараар тэжээн тэтгэгдэж байгаа мэт боловч үнэндээ иргэд, аж ахуйн нэгжүүдээс авах татвар л төрийг “амьдруулж” байгаа хэрэг. Тэгэхээр Монголын татвар бол хавдар, жилээс жилд өсөн томорч байгаа шинжээрээ бол бүр хорт хавдар.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар
Энэ хаврын чуулганаар аж ахуйн нэгжүүдийн хамгийн их хүлээсэн нэг хууль нь Татварын багц хуулийн шинэчлэлийн асуудал байсан. Татварын багц хууль дээр танхим бодлогын өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад татварын орчны маш олон судалгаа хийсэн. Аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг нэгтгэн Ерөнхий сайдын ажлын алба, Татварын ерөнхий газарт бүгдийг нь хүргэсэн. Энэ дээр танхимын гэхээсээ илүү нийтлэг бизнес эрхлэгчдийн санал туссан уу, үгүй юу гэдэг асуудал бий.
Татвар төлж буй аж ахуйн нэгжүүдийн шүдний өвчин нь зээл. Засгийн газар болон олон улсын байгууллагуудаас олгож буй хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр бага, хүртээмжтэй байж чаддаггүй. Зээлийг зориулалтаас нь хазайлгах эрсдэл ЖДҮ-ийн зээл зэрэг бодит жишээтэй тул банкны хатуу шалгуур, төрийн тогтвортой хяналт, ил тод байдлыг цогцоор нь хэрэгжүүлэхгүйгээр ахиц гарахгүй л гэсэн үг.
Бизнес эрхлэгчдийн дийлэнх нь эргэлтийн хөрөнгө, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай санхүүгийн асуудлаа арилжааны банкнаас зээлээр шийдэхээс өөр сонголтгүй болдог. Монгол Улсын ТОП-5 банк болон бусад томоохон арилжааны банкуудын 2025 онд олгосон төгрөгийн бизнесийн зээлийн жилийн жигнэсэн дундаж хүү 17.2 хувьтай, ББСБ-уудын зээлийн жигнэсэн дундаж хүү 3.6 хувийн сарын түвшинд (жилийн 43%+) түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Нийт зээл олголтын 50 гаруй хувийг бизнесийн зээл эзэлж байгаа бөгөөд зээлийн хүү өсөх хандлагатай байгааг Монголбанкны судалгаанд дурджээ.
МҮХАҮТ-аас улирал бүр “Бизнес итгэлийн индекс”-ийн судалгаа хийдэг. Уг судалгааны үзүүлэлт Монголын бизнес эрхлэгчид өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж, ирэх оныг ямар хүлээлттэй угтаж байгааг харуулдаг чухал баримт байдаг. “Бизнес итгэлийн индекс”- ийн 2025 оны IV улирлын судалгаагаар бизнесийн итгэлийн индекс нь -0.15 нэгжтэй гарчээ. Аж ахуйн нэгжүүд улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг харзнасан, болгоомжилж ажигласан байр суурьтай байгааг хасахтай гарсан энэ тоо бүрэн илэрхийлнэ.
Судалгаанд оролцогчдын зүгээс бизнесийн орчныг сайжруулахад чухал хүчин зүйлсээр:
Үнийн тогтвортой байдал 45.4%
Инфляцын нөлөөг бууруулах хэрэгцээ
Санхүүгийн хүртээмж 25.7%
Зээл, санхүүжилтийн таатай нөхцөл
Ажиллах хүчний бодлого 22.7%
Мэргэшсэн хүний нөөцийг дэмжих
Зах
зээлийн эрэлт 20.0%
Борлуулалтыг дэмжих бодлого
Тээвэр
ложистик 16.7%
Зардал болон хүндрэлийг багасгахыг чухалчлан нэрлэжээ.
МҮХАҮТ 21 аймагт салбар танхимтай, улсын хэмжээнд 6800 гаруй бүртгэлтэй гишүүн байгууллагатай, өөрийн гэсэн хуультай цөөн ТББ-уудын нэг. Олон улсын жишгээр бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болж, бизнес эрхлэгчдийг дэмжих, холбох, өмгөөлөх, нөлөөлөх, чиглүүлэх үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ төрийн зарим чиг үүргийг танхимаараа дамжуулж хүргэдэг МҮХАҮТ-ын хийсэн жил, улирал тутмын судалгаа бизнесийн орчин, нөхцөлийн индикатор болж чаддаг.
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар
Улс төрийн нөхцөл байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд нэлээд савлагаатай байна. Энэ хугацаанд бид гурван ч Ерөнхий сайдын нүүрийг үзлээ. Тэр тоолонгоор Засгийн газрын кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөж байна. Ерөнхий сайд солигдоход дагаад салбарын сайд өөрчлөгдөж асуудал үүсдэг. Сайд нар солигдоход яамдын хүний нөөц хөдөлгөөнд орж солигдож эхэлдэг. Хүний нөөцийн асуудал нь шийдэгдэхээр төрийн бодлогын залгамж чанар байхгүйгээс болоод бодлогууд тогтворгүй болдог. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн хүлээлтэд байгаа гадаад орчинд сөргөөр нөлөөлдөг. Бодлого шийдвэр тогтворгүй, гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалахгүй, хууль эрхзүйн орчин нь савлаад байхаар хэн хөрөнгөө барьж ирж Монголд бизнес эрхлэхийг хүсэх вэ? гэсэн асуудал руу шилждэг. Хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж, дотоодын бизнесүүддээ тодорхойгүй байдлыг үүсгэсэн энэ байдал эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдаад аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2024 оны 4.5 тэрбум ам.доллароос 2025 онд 1.5 тэрбум ам.доллар болж навсайтлаа унасан гэж эдийн засагчид дүгнэжээ. Эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа хэдий ч хөрөнгө оруулалт буурах нь цаашдын өсөлтөд эрсдэл үүсгэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саарахад нөлөөлнө.
Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд асан Ц.Сүхбаатар
АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт Монгол Улс ямар орнуудтай нэг дор байна вэ? Тэр улсуудын нэрийг хар даа. Манай улсыг эдгээр улсын хэмжээнд дүгнэж байгаа юм байна гэж үзэх хэрэгтэй. Камбож, Этиоп, Гренада, Лесото, Маврики, Мозамбик, Никарагуа зэрэг улстай бид нэг зиндаанд явж байна шүү дээ. Эдгээр улсын хэмжээнд Монголыг авч үзэж байна. Бидний гадаад бодлого гэхээсээ илүү дотроо байгаа байдал л өнөөдөр ийм хоригт ороход хүргэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдийн засагтаа авч хэрэгжүүлж буй бодлого, гадаадын хөрөнгө оруулалтад хандаж байгаа хандлага. Дотоодын эрх зүйн зохицуулалтын хөгжил ямархуу явж байна. Хамгийн гол нь шүүхийн бие даасан байдал буюу шударга шийдвэр гаргаж чадаж байгаа эсэх гээд. Үндсэн үнэлгээ өгдөг гол, гол зүйл дээрээ бид анхаарах ёстой. Тэрнээс хэн нэгнийг буруутгаад, хүн солиод юунд ч хүрэхгүй. Энэ бол гадаад бодлогын дипломат асуудал гэхээс илүү нийгэм, улс төрийн байдал руу чиглэсэн шийдвэр.

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Ц.Манлайбаатар салбар яам нь бүрэн анхаарахгүй, алдаатай, сул талтай бодлого хэрэгжээд байна гэсэн гурван зүйлийг нэрлэхдээ,
“Нэгдүгээрт, бизнес эрхлэгчдэд хямд эх үүсвэртэй санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна. Жишээлбэл, зээлийн уян хатан нөхцөл, бага хүүтэй зээл хэрэгтэй. Нэмээд зээлээ дагаад хүртээмжийн асуудал хөндөгдөнө. Зээлийн хөтөлбөрүүд маш олон байдаг ч “бай”-гаа оносон, бодит салбараа дэмжсэн хүртээмжтэй зээл салбар бүрд нэн хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, бодлогын орчин буюу татварын зөв зохицуулалт. Жижиг, дунд бизнес эрхлэгчид, стартапууд, “том” бизнесүүдээ гэхчлэн сегментлэн хэрхэн дэмжих вэ гэдэг татварын бодлого чухал байна.
Гуравдугаарт, хамгийн чухал нь Монгол Улсад хүний нөөц, ажиллах хүч байхгүй болсон. Аж ахуйн нэгж бүрд хүний нөөцийн дутмагшил, хомсдол үүссэн учир мэдлэг боловсролтой, ур чадвартай ажлын байрандаа нийцсэн ажиллах хүчин олно гэхээс илүү ажиллах хүн олдвол өөрсдөө сургаад ажилд авах чиглэлд ороод байна. Бусад бодлогын дэмжлэг, төрийн уялдаа холбоо, авлига хээл хахууль, хүнд суртлаас ангид байх зэрэг бол дараагийн асуудал” гэв.
Үндэсний аудитын газраас “Улсын хөгжлийн жилийн 2025 оны төлөвлөгөөнд батлагдсан 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1, хөтөлбөрийн үр дүнгийн дундаж үнэлгээ 62, ТЕЗ-ийн үр дүнгийн дундаж үнэлгээ 63.7, тэргүүлэх чиглэлийн дундаж үнэлгээ 20.9 хувиар тус тус” үнэлжээ. Улсын хөгжлийн төлөвлөгөө нь дутуу дулимаг байгааг харуулсан энэ мэт асуудлаа анхаарч оношлолгүй, тоог өөрт ашигтай байдлаар худал хэлүүлэхээ болихгүй бол эдийн засаг хөгжихгүй нь бололтой, Ерөнхий сайд аа.