
Монголын хоккейн холбооны 2026 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ долоо хоногт Чингэлтэй дүүргийн БТСХ-ын мөсөн талбайд болж байна. Тэмцээний эхний өдрүүдэд U10 насны аваргууд тодорсон. Өчигдөр U12 насны медалийн төлөөx шийдвэрлэх тоглолтууд болж, улсын аварга баг тодорлоо. Энэ жилийн U12 насны аварга багаар Чингэлтэй дүүргийн МСТ хоккейн клубын Б. Эрдэнэжаргал эзэнтэй, ОУХМ Ж. Баярсайхан дасгалжуулагчтай МСТ баг шалгарсан. Харин мөнгөн медалийг Хан-Уул дүүргийн “Мэргэн академи”-ийн гавьяат дасгалжуулагч А.Мэргэнээр удирдуулсан “Ангаахай” баг, хүрэл медалийг Багануур дүүргийн Д.Түвшинжаргал эзэнтэй, ОУХМ И.Алтангэрэл дасгалжуулагчтай “Билли Гоат” баг хүртлээ.
Өнөөдөр U16 насны тоглолтууд эхэллээ. Энэ ангилалд “Хөх чононууд”, “Отгон-Од”, “Бугант”, “Шарын гол”, “Хангарьд”, “Дархан”, “Талын дайчид” зэрэг багууд тоглож байна. Тэмцээн аваргууд ням гарагт тодорно.
