Болгар улсын Софи хотод зохион байгуулагдсан Европын физикийн IX олимпиадад Монголын баг мөнгөн медаль болон шагналт байранд орсон амжилтыг гаргалаа. Энэ сарын 13-17-ны өдрүүдэд болсон IX олимпиадад 40 орны 200 сурагч физикийн тусгай бодлогуудыг бодож өрсөлдлөө.
Монгол улсаа төлөөлөн таван сурагч оролцсоноос 11-р ангийн сурагч Г.Амармэнд мөнгөн медаль хүртлээ. Уг олимпиадаас Монгол улс анх удаа мөнгөн медаль авсан түүхэн амжилтыг үзүүлсэн байна. Г.Амармэнд Дархан-Уул аймгийн “Од” сургуульд сурдаг аж. Мөн 10-р ангийн сурагч Г.Чойдэлгэр шагналт байранд оржээ.
Европын физикийн IX олимпиадад оролцсон Монгол улсын багийн ахлагчаар МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр сонгогдон ажиллажээ.
