
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Цагаан ордноос хийсэн телевизийн мэдэгдлийн үеэр өөрийгөө Жеффри Эпштейнтэй ямар ч холбоогүй гэж мэдэгдэв.
Тэрээр мөн Конгресст Эпштейний хохирогч эмэгтэйчүүдийг урьж, олон нийтийн сонсгол зохион байгуулахыг уриалсан байна.
Харин үүний хариуд Эпштейний 10 гаруй хохирогч хамтарсан захидал гаргаж, Меланиа Трамп “ачааллыг хохирогчид руу шилжүүлж байна” гэж үзжээ. Тэд өөрсдийн түүхийг аль хэдийн ярьсан гэдгээ онцолж, Эпштейний хэрэгтэй холбоотой бүх файлуудыг бүрэн ил болгохыг шаардсан байна.
Меланиа Трамп хэлэхдээ “Би Эпштейнтэй хэзээ ч найз байгаагүй. Түүний хийсэн хүчирхийллийн талаар ямар ч мэдээлэл надад байгаагүй” гэжээ. Тэр мөн “үндэслэлгүй худал мэдээлэл” тараасан гэж үзэж, The Daily Beast болон Harper Collins UK -ыг өөрийнх нь талаар нийтлэсэн худал мэдээлэлдээ уучлалт гуйхыг шаардав.
Меланиа Трамп 2000 онд “нийгмийн хүрээ давхцсанаас” Эпштейнтэй танилцсан ч түүний найз бүсгүй байсан Жислейн Максвеллтэй зөвхөн “энгийн харилцаатай” байсан гэж тайлбарласан байна.
Мөн Эпштейний хохирогч эмэгтэйчүүдэд зориулсан олон нийтийн сонсгол зохион байгуулахыг Конгресст уриалсан юм. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хорооны Бүгд Найрамдах болон Ардчилсан намын гишүүд ч энэ санаачилгыг дэмжсэн байна.
Тэрээр энэ мэдэгдлээ гэнэт хийсэн бөгөөд Ираны дайны улмаас Эпштейний хэргийн талаархи олон нийтийн анхаарал суларсан үед хийгдсэн нь олон хүнийг гайхшруулжээ.