Дэлхийн харшлын байгууллага (WAO) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2000-аад оны дунд үеэс хойш харшлын өвчлөл тахал мэт хурдацтай өсөж буйг анхааруулж эхэлсэн. Арьсны эмгэг судлалын эмч нар XXI зууныг харшлын эрин үе хэмээн тодорхойлдог.
Харшлын өвчлөл дэлхий дахинд жилээс жилд нэмэгдэж байна. Жишээлбэл, астматай хүмүүсийн тоо 2021 онд 260 сая байсан бол 2050 онд 275 саяд хүрэх төлөвтэй байна. Харшлын гаралтай арьс, салстын эмгэг буюу атопын дерматиттэй хүмүүсийн тоо 2021 онд онд 129 сая байсан бол 2050 онд 148 саяд хүрэх тооцоо гарсан байна. Гэхдээ энэ дунд анхаарал татах нэг зүйл нь сүүлийн 30-40 жилийн хугацаанд дэлхий дахинд хүүхдийн харшлын өвчлөл огцом нэмэгдэж байгаа явдал юм. Тиймээс дэлхийн эрүүл мэндийн салбарын гол анхаарал татсан асуудлуудын нэг болжээ.
Хүүхдийн харшил дэлхий даяар хэрхэн нэмэгдэж байна вэ?
1970-2020 оны хооронд хүүхдийн харшлын давтамж 2-3 дахин өссөн байна. Жишээ нь, астма буюу гуурсан хоолойн багтрааны тархалт зарим улс оронд хүүхдийн дунд 10-20 хувьд хүрчээ. Хоол хүнсний харшил, арьсны экзем (атопик дерматит), ургамлын тоосны харшил, амьтны үсний харшил, химийн бодист мэдрэгших зэрэг өвчлөлийн төрөл ч олширч, хүндрэх хандлагатай байна.
ISAAC 1990-ээд оноос хойш дэлхийн 100 гаруй улс орны 6-7 болон 13-14 настай хүүхдүүдийн харшлын өвчлөлийг судалсан хамгийн том хөтөлбөр. Энэхүү судалгааны үр дүнгээр астматай хүүхдийн тоо хоёр дахин нэмэгдсэн улс орон олон байсан төдийгүй арьсны экзем, харшлын нусгай (аллергик ринит) ч мөн адил өссөн. Өндөр хөгжилтэй орнуудад түвшин өндөр байгаа бол хөгжиж буй орнуудад өсөлт хурдацтай байгаа юм байна.
Европын харшил ба клиникийн дархлаа судлалын академийн тайланд дурдсанаар Европт гурван хүүхэд тутмын нэг нь дор хаяж нэг төрлийн харшилтай, хоолны харшилтай хүүхдийн тоо сүүлийн 10 жилд 2-3 дахин нэмэгдсэн гэсэн дүн гарчээ.
Хүүхдийн харшил ийнхүү өсөн нэмэгдэхэд машины утаа, нарийн ширхэгт тоосонцор, орчны бохирдол мөн эсрэгээрээ хэт цэвэр орчин, хоолны хэв маяг (өндөр боловсруулсан хүнс), ген ба удамшил, байгалиас хол байх зэрэг нөлөөлж байна.
Анагаах ухааны доктор, клиникийн профессор, арьс, харшлын зөвлөх зэргийн эмч, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг
XXI зууныг харшлын зуун гэж дэлхийн эрдэмтэд нэрлээд байгаа нь үндэслэлтэй. Суурин амьдрал, хоол хүнсний хэв загвар, ахуйн хэрэглээ гээд бүгд өөрчлөгдөж байна. Үүний хэрээр төрөл бүрийн харшилтай болж өөрөөр хэлбэл албадмал амьдралын хэв загвар маань эргээд өөрийн дархлаагаараа даваад тэмцээд гардаг зүйлд шууд ялагдаад байна л гэсэн үг. Энэ бүгдээс шалтгаалаад харшлахгүй зүйл гэж байхгүй болжээ.
Харшилтай нийт хүн амын дийлэнх нь хүүхэд, залуус
Дэлхийн багачуудын өвчилж буй харшил ч манай улсыг тойрсонгүй. Хүүхдийн харшлын талаарх дориун судалгаа байхгүй ч харшлын өвчлөл нэмэгдэж буйг эмч нар анхааруулж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд 4-5 жилд “Хүрээ” амаржих газарт үзүүлэхээр ирсэн гурван нярайн хоёр нь харшилтай байгааг нярайн эмч хэлж байна.
Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор , харшлын эмч С.Мөнхбаярлах
Харшлын өвчний 60-70 хувь нь удамшлын байдаг. Эцэг, эх нь харшилтай бол хүүхэд нь харшлын суурьтай төрдөг учраас хүүхдүүдэд харшил эрт тохиолддог. Харшилтай нийт хүн амын дийлэнх нь хүүхэд, залуучууд байдаг.
2010 онд Монголын судлаачид япончуудтай хамтраад зөвхөн нийслэлд 6-7 настай хүүхдүүд болон насанд хүрэгчдийн дунд астма, хамрын харшлын тархалтыг судалсан байна. Энэ үед астма хоёр хувьтай байсан бол 2010 онд 4.7 хувь, хамрын харшил 18 хувь байсан бол 24 хувь болж нэмэгдсэн байна. Мөн арьсны экзем оношлогдсон тохиолдол 2016 онд 11672 байсан бол 2019 онд 18094 болж өссөн бөгөөд эдгээрийн 80 орчим хувь нь 18-аас доош насны хүүхдүүд байжээ.
Харшлын марш
Нярай хүүхдүүд харшилтай болж буйг дээр өгүүлсэн. Тэгвэл үүний сөрөг тал нь харшил насан туршид хадгалагдах явдал юм. Харшилтай хүүхэд насан туршид харшилтай байх магадлалтай байдаг бөгөөд харшлын хэлбэр, илрэл нь нас ахих тусам өөрчлөгддөг байна. Ихэнхдээ арьсны харшил хүнсний харшлаар эхлээд дараа нь астма, хамрын харшил руу шилжих хандлагатай байдаг аж.
Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор , харшлын эмч С.Мөнхбаярлах
Зарим хүүхэд төрөөд 10 хоногийн дараа бие дээр нь тууралт гарах зэргээр харшилтай нь мэдэгддэг. Энэ байдал нь эхэн үедээ хүнсний харшлын шинж тэмдгээр илэрдэг. Дараа нь диатез рүү шилждэг. Хүүхэд том болоод нийгэмшээд гадаа орчинд илүү харилцаанд орохоор ургамлын тоосны болон хамрын харшил болно. Өсвөр насанд шилжихээр астма болоод цаашлаад харшлын эмнэлзүйн шинж тэмдэг онош нь солигдоод явдаг. Тухайн хүүхэд эхээс төрөхдөө харшлын эсрэг имунаголублин И гэдэг эсрэг биет нь өндөр байгаа суурьтай учраас харшлын шалтгаан эмнэлзүйн шинж тэмдэг солигдоод явдаг. Үүнийг харшлын марш гэж нэрлэдэг.
Харшлаас сэргийлж болно
Хүүхдээ насан туршид нь харшлын улмаас зовоохгүй байхыг ямар ч аав, ээж бодно. Тиймээс хүүхдээ анхнаасаа харшилгүй төрүүлэх, харшлын эрсдэлийг бууруулахын тулд эцэг, эх нь жирэмслэлтээс өмнө болон жирэмсний үед, мөн төрсний дараа урьдчилан сэргийлэх дараах алхмуудыг хийхийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Юуны түрүүнд ээжүүд жирэмслэхээсээ өмнө, жирэмсэн болсон цагаасаа эхлэн харшлын суурьтай бол харшлыг эмчлэх, үүнээс гадна халуун ногоо, газтай ундаа хэрэглэхгүй байх, халдварт өвчинд өртөхгүй байх, хортой нөхцөлд ажиллах бол ажлын нөхцөлөө хөнгөвчлөх зэргээр биедээ анхаарах шаардлагатай байна.
“Хүрээ” амаржих газрын нярайн эмч, клиникийн профессор Д.Цэвэгсүрэн
Ээж, аав нь ямар нэгэн харшлын суурьтай, ээж нь жирэмсний хожуу үеийн хордлоготой, архаг хууч өвчтэй,жирэмсэн үедээ чихэрлэг болон газтай ундаа уух, архи тамхи хэрэглэсэн зэрэг шалтгаануудаас үүдээд нярай харшлын суурьтай гарах магадлал өндөр байдаг. Ер нь нярайн харшлын төрлүүд маш их байна. Ангир уургаа сайн амласан хүүхэд харшил болон халдварт өвчинд өртөмтгий байдал бага байгаа.
Төрсний дараа үед ч ээжүүд хоол хүнсэндээ анхаарснаар хүүхдээ харшилтай болгохгүй байх боломж байна. Хүүхдийг хөхөөр хооллох нь маш чухал бөгөөд хүүхдийн дархлааг дэмжиж, харшлын эрсдэлийг бууруулдаг байна. Хамгийн багадаа зургаан сар хүртэл дан хөхөөр, хоёр нас хүртэл нь хөхүүлэхийг ДЭМБ-аас зөвлөдөг. Хөхөөр хооллосон хүүхдийг сүүн тэжээлээр хооллосон хүүхэдтэй харьцуулахад архаг өвчнөөр өвдөх нь харьцангуй бага байдаг аж. Мөн таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэг, харшлын өвчнүүд, бүдүүн гэдэсний шархлаат үрэвслүүд, целиак зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг байна.
ЭХЭМҮТ-ийн нярайн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, клиникийн профессор Ш.Чимгээ
Нярайн биен дээр тууралт гарах нь хүүхэд харшлын суурьтай байна гэдгийг хэлээд байна. Тиймээс энэ үед ээж нар жүрж, мандарин, нимбэг хэрэглэхгүй, эдгээрийг агуулсан цай, жүүс хэрэглэж болохгүй. Мөн лаазалсан бүтээгдэхүүн, шоколад, шоколадны төрлийн бүтээгдэхүүн, өндөг, өндөг агуулсан кекс, нарийн боовыг идэж болохгүй. Хэрвээ ээж нар энэ дэглэмийг барьж чадах юм бол хүүхдийн бие дээр гарч буй зүйл арилаад аяндаа хэвийн болдог. Энэ дэглэмийг барьж чадахгүй бол эмгэг байдал руу шилжээд диатез үүсэх эхлэл болдог.
Харшил үүсэхэд нөлөөтэй орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, агаарын чанар зэрэг эрсдэлийг бид шийдэж чадахгүй. Гэсэн ч хүүхэд харшилгүй өсөж, торнин насан туршдаа харшилгүй амьдрах эсэх нь олон талаар эцэг, эхийн анхаарал, зөв дадал зуршлаас шууд хамааралтай. Жирэмсэн үеэс эхлэн хэвлий дэх хүүхдээ зөв хооллож, орчны харшил үүсгэгчдээс хамгаалж, дархлааг нь сайн тогтоож, арьсыг нь хамгаалж, амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх нь харшлын эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулж чадна.