
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианы эх орондоо хийдэг хэвлэл мэдээллийн уулзалтууд хатуу хяналттай байдаг.
Харин пүрэв гарагт тэрээр Нью-Йорк хотод хэсэг сэтгүүлчтэй уулзан, тэдний асуултад хариулжээ. АНУ-тай дайтаж буй улсын удирдагч хэдий ч Пезешкиан АНУ-ын Нууц албаны хамгаалалт дор тус улсад айлчилж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлснээсээ нэг өдрийн дараа болсон уулзалтын үеэр Пезешкиан Иран улс дайн, цөмийн хөтөлбөр болон дотоодын эсэргүүцлийн талаарх байр сууриа дахин илэрхийлэв. Түүнчлэн хориг арга хэмжээ Ираны ард түмэнд хэрхэн нөлөөлж буй талаар ярьж, Ираны засгийн газар Дональд Трампыг хөнөөхийг хэзээ ч оролдохгүй гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Ерөнхийлөгч болон тус улсын эрх баригчид Ираны дэглэмийг Трампын амь насанд халдах төлөвлөгөө боловсруулсан хэмээн буруутгасаар байгаа юм.
Пезешкиан лхагва гарагт тус зочид буудлын ойролцоох НҮБ-ын төв байранд үг хэлэхдээ, АНУ-тай хийж буй дайн үргэлжилж байгаа ч Иран улс “бууж өгөхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Иран улс одоо ч дайнтай байгаа улсынхаа нутаг дэвсгэрт төлөөлөгчдөө байлгаж байгаа нь өөрөө бараг урьд өмнө байгаагүй үйл явдал юм.
Гэвч пүрэв гарагт Ираны Ерөнхийлөгч болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчи нар Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн төв хэсэгт байрлах зочид буудлын хурлын танхимд CNN зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд мэдээлэл хийснээр энэ үйл явдал бүр ч ер бусын болжээ.
АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан энэ долоо хоногийн эхээр Ираны айлчлагч төлөөлөгчдийг “зөвхөн НҮБ-ын өмнө Бүгд Найрамдах Ислам Иран Улсыг төлөөлөх зорилгоор АНУ-д нэвтрүүлсэн” бөгөөд тэд “үйл ажиллагаагаа зөвхөн НҮБ-тай холбоотой ажил хэргээс хэтрүүлэхгүй байх” ёстой гэж мэдэгдсэн байна.
Хэрэв Ираны төлөөлөгчид НҮБ-ын төв байр, Жон Ф.Кеннедийн олон улсын нисэх онгоцны буудал эсвэл Ираны НҮБ-д суугаа төлөөлөгчийн газрын орчмоос гарахыг хүсвэл Төрийн департаментаас “урьдчилан зөвшөөрөл хүсэж, авах” ёстой гэж уг албан тушаалтан хэлжээ.

Хэвлэлийн уулзалтын үеэр Пезешкиан Иран улс АНУ-ын Ерөнхийлөгчийг хөнөөхийг оролдож байна гэсэн буруутгалыг няцааж, “Ираны засгийн газрын ил эсвэл далд байр суурь нь Трамп болон түүний гэр бүлийн гишүүдийн амь насанд халдахыг зорих явдал хэзээ ч байгаагүй” гэж мэдэгдэв.
Өнгөрсөн сард АНУ-ын Нууц алба Ираны төрийн телевизээр цацагдсан, Ерөнхийлөгчийн отгон хүү Баррон Трампын амь насанд заналхийлсэн бололтой бичлэгийг мэдэж байгаагаа мэдээлсэн. Үүний өмнө Израиль Иран Дональд Трампын амь насанд халдах төлөвлөгөө боловсруулсан талаарх тагнуулын мэдээллийг АНУ-д дамжуулсан байна. 2024 оны сүүлээр АНУ-ын Хууль зүйн яам ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Трампыг хөнөөхөөр төлөвлөсөн байсан бөгөөд уг төлөвлөгөөг таслан зогсоосон гэж тодорхойлсон хэрэгтэй холбогдуулан Ираны гурван иргэнд холбооны түвшинд ял тулгаснаа зарласан юм.
Ираны хатуу чиг шугам баримтлагч хэвлэлүүд Трамп болон түүний гэр бүлийн гишүүдийн амь насанд заналхийлсэн агуулгыг удаа дараа нийтэлж ирсэн. Өнгөрсөн долоодугаар сард талийгаач Хаменейн оршуулгын үеэр дэглэмийг дэмжигчид “Трампыг ал” гэсэн бичигтэй зурагт хуудас барьсан байжээ.
Трамп өөрөө ч амь насанд нь заналхийлсэн талаар олон нийтэд ярьж байсан бөгөөд долоодугаар сард “Би ямар ч жагсаалтад байгаа... Одоогоор азтай байсан бололтой, гэхдээ энэ нь удаан үргэлжлэхгүй ч байж магадгүй. Эдгээр бол муу, өвчтэй хүмүүс” гэж хэлсэн байна.
Пезешкианы мэдэгдлийн хариуд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли “Ираны дэглэм өөрийн ард түмнээсээ олон мянган хүнийг хөнөөж, гадаадад америкчуудыг хөнөөж, Ормузын хоолойд террорист ажиллагаа явуулж, бүс нутгийн хөрш орнууд руу ялгаваргүй халдлага үйлдсэн” гэж мэдэгджээ.