
2026 оны долоодугаар сарын 17-ноос 21-ний хүртэлх ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.
Энэ сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Харин 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Ихэнх нутгаар салхи секундэд 5-10 метр байх бөгөөд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.
Агаарын температурын хувьд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9, өдөртөө +19...+24 градус дулаан байна.
Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24, өдөртөө +33...+38 градус хүрч хална. Харин говийн бүсийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20, өдөртөө +28...+33, бусад нутгаар шөнөдөө +10...+15, өдөртөө +23...+28 градус дулаан байх төлөвтэй байна.