
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Сэддорж, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Б.Пунсалмаа, Р.Эрдэнэбүрэн, С.Эрдэнэбат нарын өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын 330 суманд ажиллаж амьдарч буй малчин өрхүүдийн хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд ороход нь сонголттой болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн Р.Сэддорж онцолсон.
Малчин өрх хүүхдээ сургуульд сургахын тулд малаа зарж, хот суурин газар бараадах, эсвэл хүүхдүүдээ дагаж эхнэр нь төв суурин газарт амьдарч байгаагаас ганцаар амьдрах малчин эрчүүдийн тоо нэмэгдэх, улмаар гэр бүл салалт ихсэж байгаа аж. Иймд тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр хосолсон хөтөлбөрт хамрагдах сонголт бий болгох хүсэлтийг малчид гаргажээ. Нөгөөтээгүүр, нүүдлийн өв соёл, уламжлалыг тээж яваа малчдаа хайрлан хамгаалах нь чухал гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлон тэмдэглэв.
Хүүхдийн боловсрол эзэмших хэлбэр (танхимын, зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалт)-ийг одоо мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой, нарийвчлан зохицуулсан ч тэдний суралцах боломжийг дэмжих эрх зүйн орчныг бий болгох хэрэгцээ, шаардлага байна хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуульд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.