
Залуу хосууд Сөүл хотын хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэнгийн төвөөр нааш цааш алхлан, хүүхэд тээх үүргэвч зүүж үзэн, тэргэнцэр туршиж, автомашины суудлын хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шийдлүүдийг сонирхож байлаа.
Нэгдүгээр сард Сөүлд болсон энэ дүр зураг нь төрөлт огцом буурч, хүн ам зүйн ноцтой хямрал нүүрлэж буй тухай Өмнөд Солонгосын талаарх хэвшмэл гарчгуудтай зөрчилдөх мэт санагдана. Ийм хямрал нь хөрш Япон, Хятад улсуудад ч заналхийлж байна.
Гэсэн ч бүх таамгийг сөрөн Өмнөд Солонгос төрөлт нэмэгдэж эхэлжээ. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд төрөлтийн тоо аажмаар өссөн нь, арваад жилийн турш олон тэрбум ам.доллар зарцуулан төрөлтийг дэмжсэн засгийн газрын хувьд ховорхон сонсогдох сайн мэдээ юм. Гэвч энэ өсөлт удаан үргэлжлэх эсэх нь өөр асуудал билээ.
Сөүлд болсон хүүхдийн барааны үзэсгэлэнд оролцогчид залуу эцэг эхчүүдэд зориулсан татаас, дэмжлэгийн хөтөлбөр зэрэг засгийн газрын олон санаачилгыг хүлээн зөвшөөрч байв. Гэсэн ч амьжиргааны өртөг өссөн, хэт ачаалалтай ажлын соёл, гүн суусан жендерийн хэвшмэл ойлголт, хадгалагдсаар буй консерватив хандлагын нөхцөлд хүүхэдтэй болох хэчнээн хэцүүг бүгд онцолж байлаа.
“Жирэмсэн болсныхоо дараа би ажлаасаа гарсан” гэж гуравдугаар сард анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буй 31 настай Юн Со Ён хэлэв. “Өөр сонголт байгаагүй. Ажлын байран дээр хангалттай дэмжлэг байхгүй. Жирэмсэн болбол эцэст нь ажлаасаа гарч таардаг” гэж тэрээр нэмжээ.
БНСУ-ын хувьд төрөлт нэмэгдсэн гэх тоон үзүүлэлт гарсан ч хүн амыг тогтвортой хадгалахад шаардлагатай нэг эмэгтэйд ногдох 2.1 төрөлтийн түвшнээс доогуур хэвээр байна.
Өөр нэг оролцогч, зургадугаар сард гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж буй 34 настай, гэрийн эзэгтэй Пак Ха Ян “Эцсийн дүндээ бүх зүйл мөнгөнөөс шалтгаалдаг” гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр “Хүүхэд олон байх тусам засгийн газрын дэмжлэг нэмэгддэг. Гэхдээ зардал нь бүр ч ихэсдэг. Энэ ачаалал ганц хоёр жил биш, хүүхдүүд том болох хүртэл үргэлжилдэг тул үнэхээр хүнд байдаг” гэжээ.
Мэргэжилтнүүд ч хэт эрт баярлах хэрэггүй гэдгийг онцолж байна. Өсөлтийн зарим шалтгаан нь энэ өсөлт түр зуурынх байж магадгүйг илтгэнэ.
“Одоо тодорхой хэмжээний сэргэлт харагдаж байна. Гэхдээ Ковид-19-ийн өмнөх түвшиндээ хүрээгүй” гэж Нью-Йорк мужийн Баффало Их сургуулийн Солонгос судлалын профессор Сожун Лим хэлэв. “Бид хөгжингүй эдийн засгуудын дундаас хамгийн доогуур төрөлтийн түвшинтэй хэвээр байна” гэж профессор Лим анхааруулав.
Өмнөд Солонгосын хувьд эмэгтэй хүний амьдралын туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2015 оноос хойш тасралтгүй буурч, дэлхийн хэмжээнд хамгийн доод түвшинд хүрсэн улс болсон юм.
Хүн ам зүйчдийн үзэж буйгаар, цагаачлалгүй нөхцөлд хүн амаа тогтвортой хадгалахын тулд дор хаяж нэг эмэгтэйд ногдох төрөлт 2.1 байх шаардлагатай аж. Харин 2023 он гэхэд Өмнөд Солонгосын энэ үзүүлэлт 0.721 болж унаж, улс даяар түгшүүр төрүүлж эхэлсэн. Нэгэн үе Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль төрөлтийн уналтыг “үндэсний онц байдал” хэмээн нэрлэж байлаа.
Тиймээс 2024 онд төрөлтийн түвшин есөн жилийн дараа анх удаа өсөж, 0.748-д хүрсэн нь олон хүнийг гайхшруулсан. Өсөлт бага ч “гарц харагдаж байна уу? Өмнөд Солонгос хүн амынхаа хямралыг давж эхэлж байна уу?” гэсэн асуултыг төрүүлэхэд хангалттай байв.
Олон улсын байгууллагын тооцоогоор 2025 онд энэ түвшин бараг өөрчлөгдөхгүй байх төлөвтэй байна. Гэсэн ч сүүлийн 17 сар дараалан сар бүрийн төрөлт өмнөх оны мөн үеэсээ өсөлттэй гарч байгаа нь хоёр дахь жилдээ дараалан өсөх боломж байгааг харуулж байна.
Профессор Лимийн хэлснээр, үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байж магадгүй.
Нэгдүгээрт, Ковидын жилүүдэд олон хүн гэрлэх, хүүхэдтэй болох төлөвлөгөөгөө хойшлуулсан. Өмнөд Солонгост ганц бие эсвэл гэрлээгүй эхчүүд харьцангуй цөөн тул “гэрлэлт буурах нь төрөлт буурахтай шууд холбоотой” гэж Лим тайлбарлав. Одоо тэд хойшлуулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн нь цар тахлын дараах “нөхөж өсөх нөлөө” байж болох аж.
Хоёрдугаарт, хүн ам зүйн бүтэц өөрөө нөлөөлсөн байж магадгүй. Бэби-бүүмерүүдийн хүүхдүүдийн үе харьцангуй олон тул одоо гэрлэлт, хүүхэд төрүүлэх “идэвхтэй нас”-ны буюу 30-аад оны эх, дунд насны эмэгтэйчүүдийн тоо их байна.
Өмнөд Солонгост эцэг эхийн чөлөөг ихэвчлэн эхчүүд авдаг. Хуулиар эхчүүд хүндрэлгүйгээр хүүхдээ төрүүлсэн тохиолдолд 90 хүртэл хоногийн чөлөө авах боломжтой бол эцгүүдэд 20 хоног олгодог.
Тус улсын боловсролын тогтолцоо маш өрсөлдөөнтэй. Иймээс олон эцэг эх хүүхдээ багаас нь “амжилтад бэлтгэх” дарамт мэдэрч, үнэтэй давтлага, нэмэлт сургалтад олон жил зарцуулах шаардлагатай болдог. Мөн соёлын хэвшмэл ойлголтууд ч төрөлтөд садаа болдог.
Өөрсдийн хүн амын “уналттай” нүүр тулж буй дэлхийн олон улс Өмнөд Солонгосын дараагийн алхмыг анхааралтай ажиглаж байна. Энэ нь зөвхөн Азийн орнуудын асуудал биш: Итали, Испани зэрэг Европын хэд хэдэн улс, мөн АНУ-д ч сүүлийн жилүүдэд төрөлтийн түвшин буурсан. Тиймээс Өмнөд Солонгосын ололт амжилт, эсвэл алдаа оноо нь бусад орнууд өөрсдийн хүн ам зүйн хямралыг хэрхэн даван туулахад чухал сургамж болох юм.