
Монголын уран зургийн галерей жил бүр “Байнгын үзэсгэлэн”-г зохион байгуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээ үзэгч, олон нийтэд толилуулдаг.
2026 оны Байнгын үзэсгэлэнгээр нийт 6 үзэсгэлэнгийн танхимд 6 сэдэвчилсэн үзэсгэлэнг дэглэн цувралаар танилцуулж байгаа билээ.
Энэ удаад МУУГЗ, нэрт зураач Ч.Батмөнхийн усан будгийн бүтээлүүдийг нийтэд толилуулж байна. Түүний бүтээлүүд эх орны уудам орон зай, нүүдэлчдийн аж амьдралын торгон агшнуудыг цааснаа мөнхөлсөн уран сайхны хосгүй цуврал юм. Будаг нь хуурайших хугацаа тун ч богино тул зураачаас асар соргог мэдрэмж, эрс шийдэмгий барилтыг шаарддаг эл амаргүй төрлийг Ч.Батмөнх мастер гаргуун эзэмшжээ. Түүний арга барилын гол онцлог нь нэг амьсгаагаар, дахин давхарлахгүйгээр шууд уусган зурах усан будгийн сонгодог "алла прима" техникт оршдог.
Тэрээр цаасны цагаан дэвсгэрийг гэрэл болгон ашиглаж, будгийн уусмалыг агаар мэт тунгалаг хэрнээ гүн харагдуулж чаддагаараа гайхагддаг.
Зураачийн барьж авсан "агшин" болон түүний нээсэн "орон зай" нь бүтээл тус бүрээс нь тодхон мэдрэгдэнэ. Тухайлбал "Орхоны хөндий", "Халх голын төв хэсэг газар", "Зулзагын гол" зэрэг судалбаруудад усны тусгал, тэнгэрийн хаяа, үүлсийн нүүдлийг будгийн уусалт, урсалтын тусламжтайгаар тун ч амьд, агаарлаг уур амьсгалтай үзүүлжээ. Тэрээр байгалийн гэрэл сүүдрийг шууд харж хуулах гэхээс илүү тухайн цаг хугацааны агаар мандал, чийглэг байдал, салхины эрчийг өнгөний нарийн мэдрэмжээрээ амилуулдаг онцлогтой.