
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський цацрагийн түвшин нэмэгдээгүй ч энэхүү халдлагыг “туйлын жигшүүртэй” гэж буруушаав.
Оросын хүчнийхэн Украин дахь Чернобылийн цөмийн станцын ойролцоох цөмийн түлш хадгалах байгууламжийг онилсон гэж Зеленський мэдэгдлээ.
Ням гарагт болсон халдлагын улмаас их хэмжээний цөмийн материал хадгалагдаж буй байгууламжийн дэргэдэх түлш хүлээн авах барилга ноцтой гэмтсэн Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдээлжээ.
Орос улс 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш Украины хотууд болон дэд бүтцэд дрон, пуужингийн цохилт тогтмол өгч ирсэн.
2025 оны хоёрдугаар сард Оросын тал шахед дрон ашиглан 1986 оны дөрөвдүгээр сарын дэлбэрэлт, хайлалтын улмаас сүйрсэн Чернобылийн реакторыг бүрхсэн хамгаалалтын байгууламжийг гэмтээсэн гэж Украин мэдэгдэж байсан билээ.
Зеленський ням гаргийн халдлагыг “туйлын жигшүүртэй” хэмээн нэрлэж, Оросыг шахед төрлийн довтолгооны дрон ашигласан гэж буруутгажээ.
Тэрээр “Одоогийн байдлаар байгалийн суурь түвшнээс давсан цацрагийн үзүүлэлт бүртгэгдээгүй байна. Гэхдээ Оросын хэрээс хэтэрсэн үйлдэл улам бүр нэмэгдсээр байна” гэжээ.
Украины төрийн өмчит цөмийн эрчим хүчний компани Energoatom халдлагын үеэр уг барилгад ашигласан түлш хадгалагдаагүй байсан гэж мэдэгдсэн байна.
Халдлагын улмаас үүссэн галыг унтраасан бөгөөд хүний амь нас эрсдээгүй аж.
Оросын тал дэлхийн хамгийн том цөмийн осол болсон Чернобылийн бүсээс 15 км орчим зайд орших байгууламжид болсон гэх халдлагын талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.
Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг мэдэгдэлдээ тус агентлагийн баг удахгүй газар дээр нь очиж хохирлыг шалгана гэжээ.