Улсын хүүхэлдэйн театрын “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжиг нээлтээ хийлээ.

Энэхүү жүжгийг Монгол, Өмнөд Солонгос хоёр орны хүүхэлдэйн уран бүтээлчид хамтран туурвисан гэдгээрээ онцлогтой.

Тодруулбал, Монгол Улсын хүүхэлдэйн театр Бүгд Найрамдах Солонгос Улсын Чунчон хотын хүүхэлдэйн театртай хамтран БНСУ-ын Азийн үндэсний соёлын төвийн дэмжлэгтэйгээр “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг туурвисан бөгөөд уг жүжиг нь өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгост нээлтээ хийсэн бол өнгөрсөн амралтийн өдрүүдэд Монгол Улс дахь нээлтээ хийсэн юм.

Уг жүжгийг Өмнөд Солонгосын зохиолч Ли Санг Хигийн “Ааруул амтлах мөчид” хэмээх хүүхдийн зурагт номоос сэдэвлэсэн агаад тус бүтээл нь Азийн шилдэг зохиолын уралдаанд шалгарснаар хятад, солонгос, англи, монгол хэлнээ орчуулагдсан юм. Харин тус бүтээлийн зургийг Монсудар хэвлэлийн газрын “Жангар” редакцийн зураач Б.Төрмөнх урлажээ.