
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иран “бууж өгөхгүй” гэж мэдэгдсэний хариуд Ираны боомтуудыг бүслэх ажиллагааг эхлүүлнэ мэдэгдсэн. Тэгвэл уг бүслэлт өнөөдрөөс эхэлнэ гэж АНУ-ын арми мэдэгдэв.
Амралтын өдрүүдэд Пакистаны Исламабад хотод болсон хэлэлцээ дайныг зогсоох тогтвортой шийдэлд хүрээгүй тул Трамп Иранд дахин агаарын цохилт өгөх боломжийг авч үзэж байгаа талаар мэдээлж байна. Өнгөрсөн долоо хоногт Ираны соёл иргэншлийг устгана гэж сүрдүүлж байснаас илүү зөөлөн өнгө аястай байсан ч түүний шинэ мэдэгдлүүд АНУ-ын хувьд шинэ сорилт, эрсдэл дагуулж байна.
The Wall Street Journal сонин нэрээ нууцалсан АНУ-ын албан тушаалтнуудаас эш татан Ерөнхийлөгч бүслэлтээс гадна нэмэлт арга хэмжээ, тухайлбал Ормузын хоолойд бүслэлт хийх асуудлыг хэлэлцэж байгаа гэж мэдээлжээ.
Цагаан ордон энэ талаар BBC-д мэдээлэхдээ “бүх хувилбар нээлттэй” гэж хариулсан байна.
“Ерөнхийлөгч аль хэдийн Ормузын хоолойд тэнгисийн бүслэлт хийхийг тушаасан бөгөөд Ираны дарамтыг зогсоож, нэмэлт бүх хувилбарыг нээлттэй хэвээр байлгаж байна. Ерөнхийлөгч дараа нь юу хийхийг мэдэж байна гэж хэлж байгаа хэн боловч зүгээр л таамаглаж байна” гэж Цагаан ордны төлөөлөгч Оливиа Уэйлс хэлжээ.
Нөгөө талд Ираны парламентын дарга Мохаммад Багхер Галибаф АНУ-ын төлөвлөгөөг шоолж, “Одоогийн шатахууны үнийг сайхан харж бай. Бүслэлтийн дараа та нар 4–5 ам.доллар үнэтэй бензинээ санагалзах болно” гэж X сүлжээнд бичжээ.
Өмнө нь хийсэн мэдэгдэлдээ тэр Иран ямар ч дарамтад бууж өгөхгүй гэж онцолсон юм. Ираны талын хэлснээр хэрэв цэргийн хөлөг онгоцууд хоолойд ойртвол гал зогсоох тохиролцоог зөрчсөнд тооцож хатуу арга хэмжээ авна” гэж Исламын хувьсгалт гварди мэдэгдсэн.

Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вансийн ахалсан дипломат баг бямба гарагт хэлэлцээ хийсэн амжилтгүй болсон тул Трамп Truth Social дээрээ “Хууль бус төлбөр төлж байгаа ямар ч хөлөг онгоц далайд аюулгүй зорчих боломжгүй” гэж бичсэн. Мөн тэр Ормузын хоолойг холбоотнуудын хөлөг онгоц чөлөөтэй зорчих нөхцөлийг хангахын тулд минаас цэвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн.
АНУ-ын арми зохих цагт Иранд дахин цохилт өгөхөд бэлэн гэж тэр нэмж мэдэгдсэн юм.
Исламабад хотод 20 цаг үргэлжилсэн хэлэлцээнд тодорхой ахиц гарсан ч Иран цөмийн хөтөлбөрөө зогсоох АНУ-ын шаардлагыг хүлээн аваагүй байна.
Өнөөдөр өглөө Азийн зах зээл нээгдсэний дараа газрын тосны үнэ 100 ам.доллараас давсан байна. Дэлхийн жишиг болох Brent crude 8.5 хувиар өсөж 102.37 доллар, харин West Texas Intermediate 9 хувиар өсөж 105.34 доллар боллоо.
Амралтын өдрүүдийн хэлэлцээ бүтэлгүйтсэн нь дэлхийн эрчим хүчний хямрал гүнзгийрэх вий гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлсэн нь энэ аж.
Азийн гол хөрөнгийн зах зээлүүд даваа гарагийн өглөө уналттай эхэллээ. Тодруулбал, Японы Nikkei 225 0.8%, Өмнөд Солонгосын Kospi 1.8% буурлаа.
Азийн орнууд Ойрхи Дорнодын нефть ихээр хэрэглэдэг тул энэ дайны нөлөөнд илүү өртөж байна.
АНУ-ын хөрөнгийн зах зээлийн фьючерсүүд ч мөн бууралттай нээгдэх дохио өгсөн. Фьючерс гэдэг нь ирээдүйд тодорхой үнээр актив худалдах, худалдан авах гэрээ бөгөөд зах зээлийн чиг хандлагыг илэрхийлдэг.
Сүүлийн долоо хоногуудад хөрөнгө оруулагчид зөрчлийн явцад хариу үйлдэл үзүүлж, дэлхийн эрчим хүч болон санхүүгийн зах зээлүүд огцом хэлбэлзэлтэй байна.