
Өмнөд Солонгосын Бундан дүүрэгт нийтийн тээврийн автобус олон автомашинтай мөргөлдсөний улмаас есөн хүн хүнд, 48 хүн хөнгөн гэмтсэн талаар Гал түймэртэй тэмцэх үндэсний агентлаг мэдээлэв.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөөний 07:34 цагт автобус замын хөдөлгөөний гэрэл дохио хүлээн зогсож байсан автомашинуудыг оролцуулан хэд хэдэн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар замын голын тусгаарлах хашлагыг мөргөсөн байна. Ослын газарт тус агентлагийн 88 алба хаагч, 33 автомашин ажиллаж, яаралтай эмнэлгийн тусламжийн цэг байгуулжээ. Ослын дараах гэрэл зургуудаас автобусны урд хэсэг хүчтэй эвдэрч, замын голын тусгаарлах хашлага дээр тогтсон байдал харагдах аж.
Автобусны жолоочийг тээврийн хэрэгслээс гаргасны дараа эмнэлэгт хүргэсэн гэж KBS телевиз мэдээлэв.
Цагдаагийн байгууллага осолд орсон автомашины хар хайрцгийн бичлэг болон хяналтын камерын дүрс бичлэгийг ашиглан ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж мэдэгдсэн байна.