
Үгсийн урнаар цээжний бяр зааж, үйлийн сайныг хэлэлцэн амар мэндээ айлтгадаг нь монгол уламжлал.
Эртнээс ахмадаа хүндэлж, нялхсаа сургаж ирсэн энэ ард түмэн мэндлэх, хүндлэх ёсыг өв уламжлал адил дээдэлдэг. Үндэсний баяруудаар ч тэр удаан уулзаагүй ураг садан учран золгож, ах дүүсийнхээ амрыг эрдэг үнэт зүйлийг нэн тэргүүнд эрхэмлэнэ. Малгай тавибал манайх, мэнд амраа мэдвэл нөхөд.
Ер нь монголчуудын мэндлэх, хүндлэх ёсны талаар олныг нуршиж барахгүй. Барагцаагаар хоёр боть ном болно. Энэ нь аж төрөхүйн уламжлалаас үүдэлтэй. Гүү сааж байгаа хүмүүстэй хэрхэн мэндлэх, цагаан сараар ахмадаа яаж хүндлэх, эсгий хийж байхад ямар үг хэлэх, тэр бүү хэл намар, хавар зэрэг улирал бүрд өөр, өөрөөр мэндчилдэг. Хаврын эхэн сард онд мэнд оров уу, намрын цагт тарган сайхан намаржиж байна уу гэх зэргээр аж төрөхүйг үг хэллэгт үзэл санаа, агуулга чанартай нь багтаадаг сайхан уламжлал бий.
Дээрх бүгдээс үзэхэд монголчуудын мэндлэх ёс бол зүгээр нэг үг хэлэх бус харин хүний амьдралын байдал, цаг улирал, хийж буй үйл, сэтгэлийн төлөвийг анзаарч, түүнд нь тохируулан хүндэтгэл илэрхийлэх нарийн ухаан байв. Малчин хүн адуундаа мордож явахдаа ч, эсгий ноосолж суухдаа ч, айлд зочлохдоо ч үгсийнхээ өнгө, хэмнэлийг тохируулдаг. Энэ нь хэлний баялаг төдийгүй, хүний сэтгэлийн боловсролын илэрхийлэл. Хэн нэгний амрыг асуухдаа түүний амьдралд анхаарал тавьж буйгаа илтгэнэ.
Нөгөө талаар эрт цагаас мэндлэх ёс нь хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрөх анхны алхам байжээ. Хүнтэй мэндлэхдээ түүний насыг, байр суурийг, амьдралын туршлагыг хүндэтгэж, өөрийгөө тодорхой хэмжээнд аваачдаг. Энэ нь нийгмийн доторх зохицлыг хадгалах чимээгүй хууль юм. Хүн бүр мэндлэх ёсыг баримталснаар харилцаанд зөрчил багасаж, үл ойлголцол ховорддог. Тиймээс энэ уламжлал нь зөвхөн зан заншил бус, нийгмийн соёлын тулгуур гэхэд болно.
Өдгөө мэндлэх ёс аажмаар үгүй болж байна. Түүнийгээ дагаад харилцааны төлөвшил, хандлага, бүр алсруулж бодвол зочлох ёсон ч эрээвэр хураавар эд өлгийн зүйл адил музейд залрах шахав. Зарим нь мэнд мэдвэл гайхах янзтай харна. “Юун сүртэй мэндэлдэг юм, нэг их бадруулаад байх зүйлгүй шүү дээ” гэх хандлага дийлэнхэд ажиглагддаг. Ер нь мэндийн зөрүүгүй байдаг нь аль үеийн ёсон бэ? Магад энэ цагийнх л бололтой.
Мэнд мэдэх нь харилцааны эхлэл. Чухам тэрхүү харилцааны эхлэлээс цаашдын нөхөрлөл шалтгаалдаг. Ерөөс харилцаандаа цэг тавихдаа ч монголчууд хараал бус сайныг ерөөгөөд үлддэг. Ерөөл ч мөн адил мэндчилгээний нэг хэлбэр. Харин өнөө цагт хэн нэгнээс дөлсөн, дотогшоо хумигдаж, өөртөө зохиосон зовлондоо цөхөрсөн залуу үе сүргээрээ өндийж байгаа цагт мэндлэх ёсыг орхигдуулж болохгүй. Жэн зи нарыг тайван орхиё гэхэд түүний дараа үеийнхэн буюу альфа хэмээн тодорхойлогдох, оюуны өндөр сэтгэхүйтэй гэгдэх залуус хүмүүстэй огт мэндлэхээ больсон. Хамаатан садан, ураг төрлийндөө зочлоход мэндлэх багачуул ховор. Аав, ээж нь “Манай энэ хүнтэй харин дуугардаггүй юм аа” гээд л өнгөрнө. Ямар айлын хүүхдийг загналтай биш.
Үнэндээ бол үзэл суртлын буулга дор хэсэгтээ зүдэрсэн монголчууд эвээр олж авсан эрх чөлөөгөө алдаж болохгүй. Гэвч тэрхүү эрх чөлөө ч мөн туйлын хязгааргүй зүйл гэж байдаггүйтэй адил бусдын эрхээр хязгаарлагддаг гэдэг. Ахмадаа хүндлэх ёсоо эрин галавын гэж дүгнээд таягдан хаясан альфа үеийнхний мунхаглалыг эцэг, эх нь дэмжиж байгаа тал ч анзаарагддаг. Хорыг эрх чөлөө гэж андуурдаг үзэл л хамгаас цөвтэй сургамж билээ.
Өнөөгийн хүүхдүүдийн буруу биш, харин орчин нь тэднийг тийм болгож байна гэх үзэл ч бий. Гар утас, дэлгэцийн цаана өсөж буй тэдний хувьд бодит харилцаа улам бүр холдож, хүний нүд рүү харан үг хэлэх чадваргүй болсоор буй. Мэндлэх үед хүний харц, дууны өнгө, хүндлэл, анхаарал зэрэг олон мэдрэмж, зан авир тодордог. Эдгээрийг дижитал орчин орлохгүй. Тиймээс мэндлэхгүй байх нь ёс заншлаа алдсан үйл гэхээс илүү харилцааны чадварын доройтол юм.
Амар байна уу? Алд цэнхэр хадаг айлчинд тосож сүр бадруулахгүй ч таарсан танилтайгаа дориухан мэнд мэдэх юутай сайхан. Тэгээд ч бид мэндлэх ёсоо алдвал хүн хоорондох хамгийн энгийн холбоо тасарна. Тэр холбоо тасрах үед итгэл алдарч, итгэл алдарсан нийгэмд хүн хүнээ ойлгохоо болино. Хэн ч гэсэн үр хүүхдээ бусадтай мэнд устай яваасай, мэдлэг боловсорлыг эзэмшээсэй гэж хүснэ. Гэвч юмсыг албадан чиглүүлэх, хүчээр хийлгэх шиг муйхарлал үгүй. Харин сануулж, зөвлөж болно. Тийм л сэтгэлээр эдгээрийг сийрүүлэв.
Эрх чөлөөтэй сэтгэж байж л саруул ухааныг биедээ цогцлоодог. Харин ямар ч юмны тун хэтэрвэл хор болдог. Хуучны юм ул болж, шинэ юм зул болдог гэдгийн үлгэрээр залуус өөрсдийнхөө ертөнцөд өсөж, ухаажиж, тэнхээжиж болно. Гэхдээ алдаж болохгүй амин чанартай адалж болохгүй ёс гэж бий.