
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүл 672 дахь дугаараа уншигчдадаа хүргэлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдийг танилцуулж байна.
Нэг. Олонх нь голоо тасартал бүсээ чангалж, зарим нь бүсээ тасартал голоороо “таргалж” байна
Тоо худал хэлдэггүй гэдэг үгтэй. Гэвч Монголын улстөрчид тоогоор ч худал яриулдаг гэдгийг батлах хэдхэн жишээг энд өгүүлье. Эхэнд нь харин бидний аж амьдрал ямархуу байгааг та нэг бодоод үзээрэй. Эдийн засаг нь өсөөд байгаа гэх Монгол Улсад мах магнаг болж, инфляц нь нэг оронтой тоонд тогтвортой байгаа гэх боловч үнийн өсөлтөд иргэд туйлдаж гүйцлээ. Өмнө нь цалингаараа авдаг байсан хүнсний нэр төрөл нь ч, уутны хэмжээ нь ч багассаар. Бодит салбарын өсөлтөө дагасан үнэлэмж бус, улс төрийн зорилгоор нэмсэн цалин өөрөө төгрөгийн ханшийг шалд нь буулгаж байна. Багахан хэтрүүлэгтэй боловч ханандаа төгрөг наах нь обой нааснаас хямд тусаж байна гэх шүүмжлэл оргүй хоосноос гараагүй. Ийм байхад л улстөрчид өдөр бүр шинэ, сайхан амлалт өгч байгаа боловч амьдрал дээр хэрэгжихээс нь өмнө тэд өөрсдөө огцорсоор... Цонхны цаанаас чихэр долоолгоод сурчихсан тэд огцорлоо гээд хүлээх хариуцлагагүй, үлдлээ гээд үзэгдэх үр дүнгүй л байна. Харин эсрэгээрээ амьдралдаа бизнес хийж үзээгүй тэдний эргэн тойрныхны тансаглал арай гэмээр байгааг та бид харсаар. Олонх нь голоо тасартал бүсээ чангалж байхад, зарим нь бүсээ тасартал голоороо “таргалж” байна.
Л.Эрдэнэжаргалын "Тоогоор ч худал яриулдаг Монголын улс төр" нийтлэлээс
Хоёр. Хуучин хуультай хоёр Ерөнхийлөгч
Манай улс 2019 онд буюу 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хууль нь бусад бүх хуулийнхаа үндэс, эх сурвалж болдог учир “эцэг хууль”-д оруулсан өөрчлөлтийг бусад хуулиудад шингээн өөрчлөх ёстой. Үүний дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын бүх хууль өөрчлөгдсөн. Харин ганцхан институцын хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэлгүй өнөөг хүрсэн нь Ерөнхийлөгчийн институц. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг өөрчлөлгүй долоон жил боллоо. Энэ хугацаанд нэг Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусаж, дараагийнх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх талаасаа хэвийлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартай хамтран болон дангаараа хэрэгжүүлэх олон зохицуулалт бий. Хамтран хэрэгжүүлэх зохицуулалтууд нь УИХ, Засгийн газрын тухай хуульд орсон. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босго, бүрэн эрхийн хугацаатай холбоотой өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амьдрал дээр бодитоор хэрэгжихгүй байгаа нь Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулаагүйтэй шууд холбоотой.
С.Шийлэгтөмөрийн ""Хуульгүй" Ерөнхийлөгч" нийтлэлээс
Гурав. Айхад аргал хөдөлнө
Ерөнхийлөгчийн санаачилсан төслөөр жагсаалтын гишүүдийг нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь шууд эгүүлэн татах эрх олгоогүй юм. Төслийн 9.1.6-д “Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв эсхүл эвслийг төлөөлөх байгууллага нь ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, эгүүлэн татах саналаа УИХ-ын даргад нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг парламентаар нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэнээр шийднэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нам, эвсэл нь энгийн иргэдтэй тэнцүү эрх эдэлнэ. Зөвхөн асуудлыг хэлэлцүүлэх санаачилга гаргаж болно гэсэн үг. Эцсийн шийдвэрийг УИХ-ын нэгдсэн чуулганаар, гишүүдийн олонхын саналаар гаргана. Гэвч татагдах магадлалтай гишүүд үүнийг ойлгохыг хүссэнгүй. Тэд Ерөнхийлөгч хууль санаачлах эрхээ эдлэх үед “Төрийн нэг институцын тэргүүн нөгөө байгууллагынхаа асуудалд хошуу дүрэх эрхгүй, парламентын бүрэн эрхэд халдлаа” гэж мэтгэсэн. Гэвч хуульд энэ тухай тодорхой хязгаар үгүй. Уг нь хэлэлцэх, эсэхийг нь шийдээд л айгаад байгаа заалтаа засах, өөрчлөх боломж нь УИХ-ын гишүүдийн гарт байдаг. Гэтэл босго давуулахгүй гэж зүтгэсэн. Дийлсэнгүй. Яг үүний адилаар жагсаалтаар сонгогдсон, ёс зүйн зөрчилтэй гишүүд бүтэн нойртой хонож чадахгүй явна.
С.Туулын "Төлөвшөөгүй намуудаас болж жагсаалтын гишүүдийг “дархлах” ёсгүй " нийтлэлээс
Дөрөв. Соёлын нэр барьсан шахаа
Билет бол орон нутгийн иргэдийн халааснаас мөнгийг нь юүлэх санхүүгийн хэрэгсэл. Учир нь, тэдний халааснаас амархан сугалсан ашиг орлого нь ямар ч татваргүй. Дээр нь, үүнд хяналт тавих тогтолцоо угаас байхгүй. Тиймээс нийтийн дуучид нь аймаг, сумдын удирдлагуудтай танилцаж, өөрсдийн нэр хүнд, цол хэргэмийг ашиглан билетээ албан газруудад хүчээр шахуу шахдаг байсан. Ажилчид, ялангуяа төрийн албан хаагчид заавал авах, тоглолтыг нь үзэх ёстой. Үгүй гэвэл цалингаас нь шууд суутгана. Нэг ёсондоо урлаг соёлын нэрээр халхавчилсан татвар гэж ойлгож болно. Нөгөө талдаа бол боловсон нэртэй бохир дээрэм.
Өдгөө үүнээс салаалсан өөр нэг шахааны бизнес ч бий. Тэр нь хандивын тоглолт. Монгол хүний өр нимгэн сэтгэл дээр дөрөөлж өндийсөн билет борлуулах бас нэг хэлбэр. Хэн нэгэнд туслах, нийгэмд хэрэгтэй зүйлд хувь нэмэр оруулах сэтгэлийн үүднээс хийж буй тоглолтыг нь хүмүүс үзэхгүй, билет нь борлогдохгүй байвал мөн л дарга, даамалтай нь сүжирч байгаад сургуулийн хүүхдүүдэд хүртэл шахдаг. Түүнийгээ “Тоглолтын орлого хандивт очно” гэх үгсээр халхалдаг. Энэ бол сайн дурын бус албадлагын шинжтэй хандив.
Б.Алтанхуягийн "Соёлоор халхавчилсан татвар" нийтлэлээс
Тав. Бизнес эрхлэгчдээс нэхэх хариуцлага
Зах зээлд үйлчилгээ нийлүүлж байгаа бизнес эрхлэгчид өөрсдөө ямар орчинд үйл ажиллагаа явуулж байгаагаа ул суурьтай авч үзэх цаг болжээ. Үгүй аваас бидний ирээдүй өөрсдийн маань шуналаас үүдсэн туршилтын талбар дээр эрэмдэг болцгоож байна. Өнөөдрийн байдлаар мопедын төлбөрийг цагаар тооцдог систем нь аль болох хурдтай явж, зорьсон газартаа хүрэх ёстойг сануулдаг. Өөрөөр хэлбэл, хурд бол үйлчилгээ авч буй хүүхдэд ашигтай үйлдэл мэтээр ойлгогдоно. Харин үүнийг километрээр нь тооцож төлбөр авдаг болчихвол уг нь асуудал цэгцрэх боломжтой. Ерөөс хэрэглэгчийн зан төлөвийг систем өөрөө чиглүүлдэг гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид гадарладаг л байлгүй. Гэвч ашиг олохоос өөрийг үл бодно.
Нөгөө талаас мопед, скүүтерийг хаа дуртай газраа хаяад явчихдаг үйлдэл нь хотын эмх замбараагүй байдлыг улам нэмэгдүүлж байна. Явган хүний улаан зам дээр жирийтэл өрөөд орхичихсон байх нь элбэг. Тиймээс зориулалтын зогсоолд байрлуулаагүй тохиолдолд төлбөрийг нэмэгдүүлдэг, эсвэл торгууль ногдуулдаг систем нэвтрүүлэх бүрэн боломжтой. Энэ бол дэлхийн олон хотод аль хэдийнэ хэрэгжиж буй энгийн шийдэл.
Б.Алтанхуягийн "Буруу дэвсэн шувууд" нийтлэлээс
Зургаа. Аитана Лопез ба түүний найзууд
Өдөр тутмын аар саархан хэрэглээнээс эхлээд авмаар байгаа зүйл, очиж үзмээр байгаа газраа сонгохдоо хүртэл бид дагадаг инфлүнсэрийнхээ санал болгосон сонголт руу хөтлөгдөх нь олонтаа. Тэдний сурталчилж буй амьдралын хэв маяг, хэрэглээ нь бидний худалдан авалт төдийгүй хандлагад ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг тийм л орчинд бид амьдарч буй нь нууц биш. Тэгвэл бидний дагадаг нөлөөлөгчид өнөөдөр хиймэл оюуны нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж амьд хүн бус кодоор бүтээгдсэн төгс дүрүүдээр солигдож эхэлжээ. Үүний нэг тод жишээ бол Испанийн хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн модель Аитана Лопез юм. Тэрээр хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хийсвэр дүр боловч дэлхийн томоохон брэндүүдийн нүүр царай болон сард дунджаар 5-10 мянган еврогийн орлого олдог аж.
Аитанаг бүтээсэн агентлаг түүнийг зүгээр нэгэн хэвийн зураг хуваалцдаг дүр байхаас илүүтэй өөрийн гэсэн зан араншин, сонирхолтой түүх, хоббиг зохиомлоор бий болгожээ. Тухайлбал, тэрээр фитнесээр хичээллэдэг, Blink-182 хамтлагийг сонсох дуртай, чөлөөт цагаараа видео тоглоом тоглодог. Тэр ч байтугай сошиал хуудаснаа бусадтай адил өөрийнхөө сториг идэвхтэй хуваалцаж, яг л амьд хүн шиг амьдралын хэв маягаа харуулж чаддаг нь 330 мянга гаруй дагагчийг татах гол нууц нь болжээ.
И.Сарангоогийн "Бодит бус нөлөөлөгч" нийтлэлээс
Долоо. Микро кино ба макро бизнес
Шинэ үеийн савангийн дуурь гэж нэрлэгдээд буй бичил драма нь БНХАУ-аас гаралтай. Нэг хэсэг нь 60-120 секунд үргэлжлэх, 50-100 ангитай богино контент 2018 оноос тус улсын нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн байна. Эхэндээ олныг хамарч, хүмүүсийн анхааралд тэр бүр орохгүй байсан ч цар тахал, хөл хорионы нөлөөгөөр хүрээгээ улам тэлжээ. Мicro drama гэх нэршил ч эндээс эхтэй. Сүүлдээ энэ төрлийн контент үйлдвэрлэдэг тусгай платформууд бий болж, бүтээгчид сая, сая ам.долларын ашиг хүртэх болов. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Reelshort”, “DramaBox”, “Goodshort” тэргүүтэй апп-уудыг жил бүр олон сая хэрэглэгч гар утсандаа татсаар байгаа юм. БНХАУ-ын бичил драмын орлого 2021 онд 500 сая ам.доллар байсан бол гурван жилийн дараа долоон тэрбум ам.доллар давсан байна. Харин өнгөрсөн оны байдлаар 10 гаруй тэрбум ам.долларын орлогод хүрсэн гэдгийг тус улсын хэвлэлүүд мэдээлээд буй. Ингэснээр бичил драмын орлого нь тус улсын кино театрын орлогоос давжээ.
О.Даваасүрэнгийн "Шинэ үеийн савангийн дуурь" нийтлэлээс
Найм. Дижитал эриний шинэ хүрээлэл
Орчин үеийн иргэд гүйлтийг зөвхөн эрүүл мэндийн дасгал бус socializing буюу нийгэмших гол хэрэгсэл болгон ашиглаж байна. Дижитал орчны хэт хамаарлаас залхсан залуус ганцаараа гүйхээс илүүтэй ижил зорилготой хүмүүстэй өглөө бүр уулзан хамт гүйхийг илүүд үзэх болсон байна. ASICS байгууллагаас гаргасан олон улсын судалгаагаар гүйгчдийн 91 хувь нь клубт хамрагдаж гүйх нь тэднийг илүү ихээр идэвхжүүлж, урам зориг өгдөг гэдгийг онцолжээ. Энэ нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд хамгийн эерэг нөлөөг үзүүлдэг аж. Тэгвэл манайд ч энэ соёл хүчээ авч “I RUN Mongolia”, “Mongolian Elite Runners”, “Active Running”, “Achilles Mongolia” зэрэг олон зуун идэвхтэй клуб үйл ажиллагаа явуулж, мянга мянган залуусыг нэгтгэж байна. Тэдний хувьд өглөө эрт цугларан хотын төвөөр болон цэцэрлэгт хүрээлэнг тойрч ойр болон холын гүйлтүүдийг тогтмол зохион байгуулдаг аж.
И.Сарангоогийн "Хөдөлгөөнт хот" нийтлэлээс
Ес. Талбайн цаана үлдсэн амьдрал
Азиас гаралтай шар буурцаг Америкаар дамжин Аргентинд нутагшиж XX зууны эхнээс шимээ өгч эхэлжээ. Өнгөрсөн зууны дунд үест 1000 хүрэхгүй га талбайд тариалалт хийдэг байсан бол 1980-аад оноос хоёр сая га-д найгах шар буурцгийн тариалан Аргентины экспортын сагсанд багтав. Ялангуяа хувиргасан амьд организм буюу гений өөрчлөлттэй үрийн тариалалтыг төрөөс бодлогоор дэмжсэнээр 2008 онд шар буурцгийн талбай 22 сая га-гаас давж, нийт тариалангийн талбайн 60 хувьд хүрч, олон мужид цорын ганц ургац болжээ. Өдгөө тус улсын дэлхийн шар буурцаг үйлдвэрлэлийн 21 хувийг дангаараа хангаж буй. Шар буурцгаас гадна Америк тивийн уугуул ургамал эрдэнэшишийн тариалалт боловсруулалтаар Аргентин дэлхийд гуравт бичигдэнэ. Гэвч энэхүү арвин ургацын цаана генийн өөрчлөлттэй тариаланг хогийн ургамал, хортон шавжаас сэргийлэх агрохимийн хэрэглээ үлэмж нэмэгдэж гучин жилийн дотор 580 сая литр пестицид тариалангийн талбайд ашиглажээ. Үүний уршигаар 13.4 сая хүн химийн бодисын нөлөөнд өртсөн гэж тооцоолж буй. Эрдэнэшиш, шар буурцгийн тариаланд бүслэгдсэн зарим тосгон сууринд хүүхдийн хорт хавдрын тохиолдол гурав дахин нэмэгдэж ургийн гажиг, үр зулбалт 400 хувь болж огцом өссөн аж.
С.Лхагвасүрэнгийн "Арвин ургацын төлөөс" нийтлэлээс
Арав. Хэн түрүүлж саранд хүрнэ тэр дэлхийг технологиороо удирдана
Аполлог хөөргөж байх үед америкуудын геополитикийн зорилго нь ердөө л ЗХУ-ыг ялах, сар бол стратегийн дүрмийн талбар байв. АНУ сансрын уралдаанд технологийн давамгайллаа баталж, ЗХУ сансарт анх хүн илгээсэн ч саран дээрх буултаа алдсанаар хүйтэн дайны үзэл суртлын ялалт Америкийнх болсон. Тиймдээ ч Аполлогийн дараа АНУ-д итгэх НАТО болон барууны холбоотнуудын итгэл нэмэгдсэнээр Америкийн технологи-дэлхийн стандарт болсон гэгддэг. 1975 оны “Аполло–Союз туршилтын хөтөлбөр” хүйтэн дайны үеийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны анхны том алхам болж байв.
Аполло 11-ийн дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаанд үзүүлсэн нөлөөг ч чамлахааргүй. НАСА-гийн төсөв өсөж, өндөр технологийн салбар хурдасч, инженерийн боловсролын дэлхийн стандарт бий болов. Сар хэмээх тэрхүү цэгт очих, буух, буцах гэсэн энгийн уралдаанаас улс орны нэр хүнд, хүч чадлын үзүүлэлтийн баталгааг харуулсан стратегийн утгатай болон өөрчлөгдөв.
Л.Эрдэнэжаргалын "Сарыг эрхшээх төлөвлөгөө" нийтлэлээс
Арван нэг. Хувьсгалт язгууртны хойчис
Арван жилийн өмнө Фидель Кастро таалал болоход эрх чөлөөний арал дахь хувьсгалт дэглэм төгсөж, Куба орон коммунизмын хүлээсээс ангижирна хэмээн олон хүн найдаж байлаа. Гэвч бодит байдал илүү төвөгтэй өрнөсөн юм. Хувьсгалын их удирдагчаас төр барих эрхийг шууд залгамжилсан дүү Раул нь нас өндөр болж 2021 онд халаагаа өгсөн ч ах дүүсийн байгуулсан социалист тогтолцоо бөх хэвээр, Кубын төр дэх Кастрогийн гэр бүлийн нөлөө янзандаа. Өнгөндөө Ерөнхийлөгч Мигель Диас-Канел төрийг удирдаж буй мэт боловч эрх мэдлийн жолоо гагцхүү улс төрийн цор ганц хүчин болох Коммунист намд л хамаарна. Ер нь арлын улс төрийг гаднаас ажиглахад Коммунист намын хатуу бүтэц, социалист эдийн засгийн загвар зонхилсон лугаа харагдах ч угтаа хувьсгалын үеийн элит гэр бүлүүдийн хянадаг цэргийн бизнесийн бүтэц, аюулгүй байдлын аппарат доторх итгэлцлийн сүлжээ илүү хүчтэй аж. Сүүлийн үед энэхүү тогтолцооны цөмд шинээр гарч ирэн Кастро овог түүх болж үлдээгээгүйг нотлох болсон хувьсгалт язгууртнууд барууны хэвлэлийн анхаарлыг татаж эхэллээ.
С.Лхагвасүрэнгийн "Гурав дахь үеийн Кастро" нийтлэлээс
