
Кенийн Прокурорын ерөнхий газрын мэдээлснээр, Фестус Омвамба нь Украин дахь дайнд Оросын армид тулалдах хүмүүсийг элсүүлсэн хэрэгт буруутгагджээ.
Түүнийг “ажилд зуучлах агентлагийн захирлын хувиар 22 кеничүүдийг хуурч, Орост хөдөлмөрийн мөлжлөгт оруулах зорилгоор явуулсан” гэж буруутгаж байна.
Хохирогчдыг өнгөрсөн есдүгээр сард Мачакос тойргийн Ати Ривер хотын орон сууцнаас авран, гадагш явахаас нь өмнө зогсоожээ. Харин гурван хүн аль хэдийн Украин дахь фронтод хүргэгдэж, шархадсан байдалтай буцаж ирсэн байна.
Омвамба Кахавагийн шүүхэд мэдүүлэг өгөхдөө буруугүй гэдгээ илэрхийлсэн.
Омвамба КахаваКенийн Эрүүгийн мөрдөн байцаах газар түүнийг “Европын орнуудад хууль ёсны ажил олгоно гэж амлан, эмзэг бүлгийн иргэдийг ашигладаг хүний наймааны томоохон сүлжээний гол тоглогч” гэж үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний тагнуулын албаны тайланд дурдсанаар, 1000 гаруй кеничүүд сүүлийн саруудад Оросын армид элссэн байна. Парламентын гишүүн Кимани Ичунгва 89 хүн фронтод байгаа, 39 нь эмнэлэгт хэвтэж, 28 нь сураггүй алга болсон гэж мэдэгджээ.
Найроби дахь Оросын элчин сайдын яам уг буруутгалыг няцааж, “аюултай, ташаа суртал ухуулга” хэмээв.
2024 оны долдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын иргэдийг цэргийн татлагын хугацаанд армид алба хаахыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан.
Мөн Өмнөд Африкын хоёр иргэн нь фронтод амь үрэгдсэн гэж мэдээлсэн. Гадаад харилцааны сайд Роналд Ламола “Хэрэв гадаадад ажиллах санал хэтэрхий сайхан сонсогдож байвал, үнэн биш байх магадлалтай” хэмээн анхааруулжээ.