
Хэрэв АНУ эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгвөл Улаан тэнгисийн газрын тос тээвэрлэлтийн гол замыг хаахад бэлэн байхыг Ираны тал Йемений Хусит хөдөлгөөнийхөнд үүрэг болгосон талаар гурван ч эх сурвалж пүрэв гарагт Reuters агентлагт мэдээллээ. Энэ нь дэлхийн эрчим хүчний хангамжид маш том аюул заналхийлэл дагуулж байна.
Энэхүү төлөвлөгөөг Исламын Бүгд Найрамдах Улсын удирдлагуудын түвшинд хэлэлцэж, улмаар Йемен дэх холбоотон хуситуудад хүргүүлсэн гэж нэрээ нууцлахыг хүссэн Ираны өндөр албан тушаалтан баталжээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт Ираны эрчим хүчний дэд бүтцэд халдана гэж сүрдүүлсний дараа уг шийдвэр гарсан уу, эсвэл өмнө нь байсан уу гэдэг тодорхой мэдээллийг эх сурвалжууд өгөөгүй аж.
Одоогоор Ираны Гадаад хэргийн яам болон Хусит бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгчөөс үүнд албан ёсны тайлбар хийгээгүй байна. Гэхдээ Хусит бүлэглэлд ойр эх сурвалжийн мэдээлснээр, тэд Улаан тэнгисийн үүд хаалга болох Баб-эль-Мандебын хоолой, Ходейда болон Адены буланг тольдон харах Йемений өндөрлөг бүсүүдэд пуужин дрон олноор байршуулж, тээврийн хөлөг онгоцууд руу довтлох бэлтгэлээ бүрэн ханган зөвхөн тушаал хүлээж байгаа аж.
Ормузын хоолой хэдийн хаагдаад байгаа тул Хуситууд Улаан тэнгисийн усан зам эсвэл боомтууд руу халдвал Ойрхи Дорнодын газрын тосны экспортын үндсэн хоёр том зам зэрэг тасалдах аюултай. Энэ нь дэлхийн эрчим хүчний хямралыг улам гүнзгийрүүлж, АНУ болон Ираны хоорондын мөргөлдөөний шинэ фронтыг нээх юм.
Баб-эль-Мандебын хоолойг яг хэзээ хаах эцсийн шийдвэрийг Йеменд байрлаж буй Ираны Исламын хувьсгалт гвардын корпусын төлөөлөгчид хянах болно гэдгийг эх сурвалж нэмж дурдлаа.
Дэлхийн зах зээлд үзүүлэх нөлөө
Персийн булангийн газрын тосны экспортын нэлээд хэсэг нь Саудын Арабын хоолойгоор дамжин Улаан тэнгис рүү чиглэж байгаа бөгөөд энэхүү усан зам нь одоогоор дэлхийн эрчим хүчний хангамжийн 7 орчим хувийг тээвэрлэдэг. Саудын Араб ч мөн эрчим хүчний экспортынхоо 70 орчим хувийг Улаан тэнгисийн Янбу боомтоор дамжуулдаг тул энэ чиглэлд ямар нэгэн халдлага гарвал газрын тосны зах зээлд маш хүнд тусна.
Саудын Арабын эрх баригчид Иран болон хуситуудаас ирж буй энэхүү заналхийллийг маш нухацтай хүлээж авч байгаа аж.